Бороо орж байна, 656 дахь өдрөө. Өвлийн борооноор анх ирж билээ. Өнөөдөр 11 дүгээр сарын бороо дунд алхаж явна. Арваннэгдүгээр сарын хүйтэн бороотой өдрүүдэд алдарт Gun N Roses хамтлагийн “November rain” буюу Арваннэгдүгээр сарын бороо дууны
… And it’s hard to hold a candle
In the cold November rain... гэдэг мөрүүд бодогдоод байдаг юм. Гарсан цаг хугацааг нь тоолбол бараг надтай чацуу дуу л даа. Гэхдээ л сонсох дуртай. Дуулах авьяас үгүй тул
... Арваннэгдүгээр сарын хүйтэн бороонд
Асах зулыг бөхөөхгүй барих бэрх .... гэж өөртөө орчуулаад, амьдралын тухай, гунигийн тухай өөр дотроо эргэцүүлдэг юм. Яг л
… Sometimes I need some time on my own
Sometimes I need some all alone
Everybody needs some time
On their own
Don’t know you need some time all alone?...
... Заримдаа надад эргэцүүлэн бодох хугацаа хэрэгтэй байдаг
Заримдаа надад эргээд дотогшоо чимээлэх цаг шаардлагатай байдаг
Өөрийн тухай санаандаа тунгаах хугацаа хүн бүрд л хэрэгтэй
Өө ийм цаг хугацаа ч бас чамд минь шаардлагатай юм бус уу?... гэдэг мөртүүд шиг. Хэтэрхий завгүй амьдарч байгаа тул дотор хүнээ хааяа сонсох хэрэгтэй л.
Ер нь эндхийн хүн биш л бол 365 хоногийн олонх өдөр улирал харгалзахгүй бороонд норж, нам дор газрын чийглэг өдрүүдэд сэтгэлээ дасгана гэдэг амаргүй л.
Хүйтэн бороотой өдөр бүүдгэр тэнгэрийн дор өнгөлөг шүхэр барьж алхдаг. Сэтгэл өөдрөг байдаг юм. Бороо зогсож цэлмэх бол урам зориг. Шүхэр бол итгэл найдвар.
...So never mind the darkness
We still can find a way
Because nothing lasts forever
Even cold November rain…
... Битгий тоо, тэр харанхуйг
Бид тэндээс гарах замыг олж чадна
Учир нь мөнх үргэлжилдэг юу ч байхгүй
Урсан орж буй арваннэгдүгээр сарын хүйтэн бороо ч адил... гэдэг төгсгөлийн бадгийг бодох нь бороо зогсож, цэлмэг тэнгэрт солонго татсан байх мэт.
Ус нэвтэрдэггүй хүрэм, өмд, ус, чийгийн хамгаалалттай гуталтай удахгүй арваннэгдүгээр сарын хүйтэн бороо дөрөвдүгээр сарын бүлээн бороогоор солигдоно доо гэж бодон алхана. Дөрөвдүгээр сард би борооны дуслыг дотроос нь харж болдог гялгар шүхэр худалдаж авна. Сэтгэлд дулаахан байдаг юм.