Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөжээ.
Замын-Үүд боомтыг улсын төсвийн 30,35 тэрбум төгрөг, БНХАУ-ын Засгийн газрын 233,5 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөжээ.
Ингэснээр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгдэж, 24 цагаар ажиллах боломж бүрдэж байна.
Тус боомтоор өмнө нь нэг цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болжээ. Ухаалаг гарц систем нэвтрүүлж хилийн мэргэжлийн хяналтыг гаалийн байгууллагатай нэгтгэн давхардлыг багасгаж, хяналт шалгалтыг хялбарчилсан байна.