Увс аймгийн цагдаагийн газарт өчигдөр “Өсвөр насны хоёр охин алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Өсвөр насны охидыг авч явсан хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Тодруулбал, Увс аймгийн цагдаагийн газарт өчигдөр “Өсвөр насны хоёр охин алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан алба хаагчид эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, мэдээлэл авснаас таван цагийн дараа сэжигтнийг олж илрүүлсэн байна. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр 31 настай, Б гэгч нь “тоёота приус” загварын авто машинаар алга болсон гэх охидыг тээвэрлэж явсныг олж тогтоон хуулийн дагуу холбогдох ажиллагааг явуулж байгаа аж. Одоогоор хүүхдүүдэд учирсан гэмтэлгүй. Уг үйлдлийн шалтгаан нөхцөл, бусад байдлыг тогтоохоор ажиллаж байна гэв.
Эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, байнгын холбоо харилцаатай байж хаана, хэнтэй явж, найзалж, нөхөрлөж байгааг нь мэдэж байх шаардлагатай гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.