2012 оны УИХ-ын сонгуульд оролцохоор гадаадад оршин суугаа 4276 сонгогч бүртгүүлсний 65 хувь нь саналаа өгчээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн есдүгээр зүйлийн гурав дахь хэсэгт “Гадаадад санал авах өдөр” гэдэг чихэнд чимэгтэй нэр томьёо нэмэгдсэн. Үүний дагуу гурван сар хүрэхгүй хугацааны дараа болох УИХ-ын сонгуульд гадаад улсад ажиллаж, амьдарч буй насанд хүрсэн монгол хүмүүс Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлнэ.
Гадаадад амьдарч буй иргэд Монгол Улсад өрнөж буй үйл явдлууд, нийгэм, улс төрийн байдлын мэдээллийг цаг тухай бүрд нь авч эх орондоо амьдарч буй хүмүүсээс дутахгүй гарц, гаргалгаа ярьж, шийдэл дэвшүүлж байдаг.
Юм үзэж, нүд тайлан амьдарч буйн дээр эх орноо санах сэтгэл нь нэмэгдэж манай улс ийм гоё, тийм сайхан болчихвол гэж хүсэж, санааширч явдаг хүмүүс бол гадаадад байгаа монголчууд. Тийм учраас тэд сонгуульд оролцох нь хамгийн чухал юм.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллээр энэ оны байдлаар дэлхийн 172 улсад 141 мянга гаруй монгол иргэн оршин сууж байна. Тэгвэл хуульд зааснаар гадаадад санал авах өдөр дөрөв хоногийн хугацаанд үргэлжилнэ. Дэлхийн аль нэгэн улсад сурч, ажиллаж, аж төрөн суугаа сонгох эрхээ хэрэгжүүлэх насанд хүрсэн монгол хүн танд сонгуультай холбоотой дөрвөн чухал мэдээллийг хүргэе.
Нэг: 2024.06.15-ны өдрөөс өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ. Өөрийн суугаа улсын харьяалах Дипломат төлөөлөгчийн газарт хандаж харилцаа холбооны бүхий л хэлбэр (утас, факс, мэйл, цахим хуудас, чат ...)-ийг ашиглан бүртгүүлэх ёстой. Заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй.
Гурав: Тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 – 22:00. Санал авах дөрвөн өдөр эл цагт салбар комиссын тогтоосон санал авах байранд очиж саналаа өгөх хуультай.
Дөрөв: Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг төв болон салбар комисс зохион байгуулна. Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан төв комиссыг, төв комисс нь салбар комиссыг Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулахаар хуульчилсан байдаг.
Сонгуульд оролцож саналаа өгнө гэдэг бол өөрийн болон улс орныхоо ирээдүйн төлөө хийж буй хариуцлагатай үйлдэл. Оршин суугаа хотдоо эсвэл ойролцоох газрын сонгуулийн санал авах байранд очиж, сонгуульдаа оролцохыг гадаадад суугаа иргэддээ захья. Ялангуяа оюутан, залууст заавал сонгох эрхээ эдлээрэй гэж уриалж байна.
Өдгөөгөөс 12 жилийн өмнө буюу 2012 оны УИХ-ын сонгуульд гадаадад байгаа монголчууд оролцсон. Тухайн үед 39 салбар комисст 4276 сонгогчийн нэр бүртгэгдсэнээс 65 хувь нь саналаа өгсөн гэсэн тоо баримт байна. Харин 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 45 салбар комисст 7400 орчим сонгогч бүртгүүлснээс 75.3 хувь нь ирж саналаа өгчээ. Үүнээс гадаадад буй монголчуудын сонгуулийн идэвх, оролцоо харагдаж байгаа юм. Бүртгүүлсэн сонгогчдын ирц хангалттай боловч зуун мянгаар тоологдох хүний 10 хүрэхгүй мянга нь л саналаа өгчээ.
Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэг. Хэрэв улс орныхоо өнөөгийн байдалд шүүмжлэлтэй ханддаг, өөрчлөх юм сан гэж хүсдэг, эргээд ирэх ирээдүйдээ санаа зовдог бол сонгогчийн боловсролтой болж, сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэйг ухамсарлах цаг иржээ.