10 Цагийн өмнө.
Төсөл хэрэгжүүлэгч талуудын уулзалт боллоо
Төсөл хэрэгжүүлэгч талуудын уулзалт боллоо

Эх сурвалж: ХЗДХЯ

Монгол Улсад "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)" хоёрдугаар шатны төсөл Канад Улсын албан ёсны санхүүгийн тусламжаар энэ оны зургаадугаар сараас хэрэгжиж эхэлсэн билээ.

Төслийн удирдах хорооны анхны хурал удахгүй болохтой холбогдуулан өнөөдөр /2025.10.15/ ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар Канад Улсын Гадаад хэргийн яамны Монгол ба Номхон далайн орнуудын Хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Марун Абу Файсалыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Н.Мягмар “Канадын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн төслийн эхний шат (2019–2023) амжилттай хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тогтолцоог сайжруулахад бодит үр дүн гарсан. Мөн төслийн хоёрдугаар шат нь энэхүү үр дүн, мэдлэг, туршлагад тулгуурлан бодлогын залгамж чанарыг хангаж, төслийн тогтвортой байдлыг бэхжүүлэх өндөр ач холбогдолтой” гэлээ.

Харин Марун Абу Файсал энэ удаагийн төсөл нь хууль сахиулах болон шүүхийн байгууллагууд руу чиглэж буйг дурдаад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд бүх талын оролцоо, уялдаа холбоо чухал болохыг онцлов.

Талууд төслийн удирдах хорооны анхны хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.