01 сарын 08, 2024
Сүх далайтал үхэр амар буюу хожимдсон шүүмж
Сүх далайтал үхэр амар буюу хожимдсон шүүмж

УИХ өнгөрсөн оны 12 дугаар сард Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан. Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа энэ сарын 6-нд дууссан тул хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэв. Мөн энэ хуультай хамт өргөн мэдүүлж баталсан Зөрчлийн тухай хуульд автомашины торгуулиа заасан хугацаанд төлөхгүй бол 50 хувиар нэмнэ гэх заалт орсон нь иргэдийг бухимдуулж байна. Сүх далайтал үхэр амар гэгчээр энэ хуулийн төслийг санаачлах,  санал авах, батлах, хэрэгжих хүртэл юу ч мэдээгүй байсан иргэд гэнэт торгуулиа төлөхгүй бол 50 хувиар нэмнэ гэх сургаар цахим орчинд эсэргүүцлээ илэрхийлж буй нь энэ. Нэг үеэ бодвол төрийн үйлчилгээ цахимд шилжиж, УИХ-аар хэлэлцэх хуулийн жагсаалт, төслийн танилцуулга, олон нийтээс санал шүүмж авах зэрэг үйл явц нь нийтэд ил тод болсон. Гэвч үнэндээ үүнийг тоодог иргэн  манай улсад  ховор гэдгийг дээр дурдсан  жишээ харуулна.

Одоогоор 728 мянган тээврийн хэрэгслийн 436 мянга нь торгуультай байна. Гэвч тэдний торгууль төлдөг хэсэг нь 38 хувиас хэтэрдэггүй гэж Хууль зүй дотоод хэргийн яамнаас мэдээлсэн.

Гэтэл торгуулиа төлөөгүй явсан хүмүүс гэнэт төлөхөөс аргагүй болсноо ойлгож, бухимдсандаа “энэ торгуулийг чинь төлөхгүй, эхлээд авлигач, хулгайчдаасаа мөнгөө авмаар байна” гэх зэргээр шүүмжилж буй ч нэгэнт хожимдсон гэдэг нь тодорхой. Ардчилсан нийгэмд иргэд санал шүүмжээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нээлттэй. Гэхдээ бүх зүйл өнгөрсний дараа биш хуулийн төслийг хэлэлцэхээс нь эхлээд мэдээлэлтэй байж, хэрэгжих хүртэл нь хяналт тавьж, оролцож үзэл бодол, байр сууриа илэрхийлэх нь чухал юм. Энэ бол иргэний үүрэг, хувь хүний хариуцлагын асуудал Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр шийдвэр гарсны хойно шүүмжилж суух нь оролцоо биш.

415777968_901941688223369_6067906328561624652_n 

Зөрчлийн тухай хуулийн шинээр хэрэгжих заалтууд:

  • Автомашины торгууль болон агаарын бохирдол, зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцохгүй.
  • Торгуулсан тохиолдолд 15 хоногийн дотор төлбөрөө төлбөл 50 хувиар хөнгөлнө. Төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээ 50 хувиар нэмэгдэнэ.
  • Согтуурч, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасаж, 400.000 төгрөгөөр торгоно.
  • Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт оруулаад байна.