Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна.
Монгол орон 1970-аад оны үед 610 км.куб устай байсан бол одоо 565 км.куб ус байгаа аж. Өнгөрсөн хугацаанд усны хэмжээ 50 км.кубээр хорогдсон нь мөнх цас, мөсөн голууд хайлсантай холбоотой. Харин гүний усны нөөц 10.8 км.куб байна. Гэхдээ дэлхий дээрх усны хэмжээ хэзээ ч өөрчлөгддөггүй. Зөвхөн цэнгэг ус бохирдож, хомстоод байна гэдгийг өнөөдөр болсон Ус сувгийн удирдах газар болон Сав газрын талуудын оролцооны зөвлөл, аймаг, нийслэлийн БОАЖГ-ын усны асуудал хариуцсан мэргэжилтнүүд хурлын үеэр онцолсон юм.
Усны газрын дарга З.Батбаяр:
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийг 2012 онд батлуулсан. Гэвч жилдээ улсын төсөвт 4-5 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлдэг. Энэ нь усыг бага бохирдуулж байна гэсэн үг биш. Гэвч бид төлбөрөө авч чадахгүй байна. Ус бохирдуулсны төлбөрийн үндсэн зорилго нь бохирдуулсан бол төлбөрөө төлөх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхий нийтийн хэрэгжүүлж буй усны тухай хуулийн үзэл санаа, дүрэм журам аль эрт манай улсын хуульд нутагшсан. Гол нь үүнийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Мөн Усны нөөцийн нэгдсэн бодлого, стратеги төлөвлөгөөний хүрээнд нэгдсэн мониторингийн системийг хэрэгжүүлж, усны нөөцийн хэт ашиглалт, бохирдлын хяналтыг хэрэгжүүлэх болон усны хуримтлал бий болгох зорилготой 333 нуур, нэг сум-нэг нуур арга хэмжээг хэрэгжүүлж, гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах аж.
Энэ жилийн усны өдрийг “Ус ба Энх тайван” уриан дор зохион байгуулж байна. Энэ уриа нь усаар дамжиж энх тайвныг бий болгохыг зорьж, хүн бүр өөр өөр зорилготой ч эцэстээ амьд үлдэх нэгэн чигтэй гэх утгатай аж. Түүнчлэн усны чиглэлээр ажилладаг Усны газар, УСУГ, Усны үйлчилгээний зохицуулах зөвлөл, Геодоз усны барилга байгууламж, МСС, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллага ирэх оны дэлхийн усны өдөр хүртэл баримтлах зорилго, чиглэл, бодлогоо ярилцсан юм.