COP17 бага хурлын бэлтгэл ба үлдсэн 285 хоногт гүйцэтгэх ажил
COP17 бага хурлын бэлтгэл ба үлдсэн 285 хоногт гүйцэтгэх ажил

Бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд хийж, гүйцэтгэж буй ажлын талаар тоймлон хүргэж байна.

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд хийж, гүйцэтгэж буй ажлын талаар танилцуулсан байна. Түүний мэдээллээс тоймлон хүргэж байна.

Барилга байгууламж

Хурлын байрны суурь дэд бүтцийн явцын мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ таталт бүрэн дуусжээ. Ус хангамж болон ариутгал татуургын систем суурилуулах ажил 88, цахилгааны сүлжээ таталт болон зогсоолын засварын ажил 45 хувьтай байна.

Хүйтний улирал эхэлж дэд бүтцийн ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй болсон тул ирэх оны гуравдугаар сараас үргэлжлүүлэн ажиллана. Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Төлөвлөлтийн багаас өгсөн дүн шинжилгээгээр 2026 оны долоодугаар сарын эцэс гэхэд барилга байгууламжийн ажил бүрэн хийгдэж, дуусах боломжтой гэжээ.

Талуудын 17 дугаар бага хурал эхлэх хүртэл 285 хоног буюу богино хугацаа үлджээ. Тиймээс НҮБ-ын стандарт бүхий хурал СОР зохион байгуулж байсан туршлагатай олон улсын туслан гүйцэтгэх байгууллагатай хамтарч ажиллах нь эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангахад чухал шаардлагатай зэргийг харгалзан шалгуурт нийцэж хүсэлтээ илэрхийлсэн гадаадын компанийг сонгон шалгаруулж, конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай гуравласан гэрээгээр ажиллахаар тогтсон байна.

Зохион байгуулагч орон буюу Монгол Улсаас дэвшүүлэх санаачилга

Зохион байгуулагч орон буюу Монгол Улсаас дэвшүүлэх санаачилгыг боловсруулах ажил өрнөж байна. Олон улсын байгууллагуудаас гадна Булангийн, Европын холбоо, Африк болон Төв азийн улсуудын сонирхлыг ихэд татаж, олон улсын хэмжээнд сайжруулалт хийж буй “Гандуу бүсийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд ус ба газрын менежментийг хөхиүлэн дэмжих санаачилга”-ыг Үндэсний хорооны Ажлын албанаас боловсруулж байгаа аж. Мөн хувийн хэвшлийн салбарын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих “Байгальд суурилсан шийдлийг ашиглан тогтвортой дэд бүтцийн салбарыг бэхжүүлэх санаачилга”-ыг ч олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр боловсруулж байна.

Хамгийн чухал нь НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын мэргэшсэн байгууллагууд хамтран Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсаас олон улсын хэмжээнд танилцуулахаар бэлтгэж буй “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ын төслийг боловсруулж эцэслээд буй юм. Уг санаачилгаар дамжуулан Монгол Улсад хамгийн багадаа 500 сая ам.доллар бүхий төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн урьдчилсан тооцоолол байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.

Санхүүжилт, хөрөнгө оруулалт татах ажил

Санхүүжилт, хөрөнгө оруулалт татах ажлын хүрээнд, дээрх гурван санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилт татах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ Талуудын 17 дугаар бага хурлын байр, барилга байгууламжийн зардлыг санхүүжүүлэхэд дэмжлэг туслалцаа авахад чиглэж буйг салбарын сайд мэдээлэв. Тухайлбал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Даян дэлхийн байгаль орчны сан, Уур амьсгалын ногоон сангаар дамжуулан санхүүжилт, хөрөнгө оруулалт татах ажилд тодорхой ахиц гарч, нааштайгаар шийдэгдэж байгаа аж.

Мөн Талуудын 17 дугаар бага хурлыг сурталчлах, олон нийтэд зөвөөр таниулах, хөрөнгө оруулалтын чиг баримжааг томсгох хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Л.Мөнхбаясгалан нарыг "Тусгай элч"-ээр томилжээ. Энэ нь нэг талаар Монгол Улсын төрийн бүхий л байгууллагууд ач холбогдол өгч байгааг нотлон харуулах, нөгөө талаар шийдвэр гаргах түвшинд байгаль орчны асуудалд анхаарал хандуулан оролцоог нэмэгдүүлэх болно гэв.

Дотоод хөрөнгө оруулалт, нөөцийг ашиглах ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. Жишээлбэл, Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран “Business4Land” буюу бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий олон улсын санаачилгад үндэсний оролцогч талуудын түншлэлийг баталгаажуулах ажлыг эхлүүлжээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэлтэй байгаль орчны салбарт финтек зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагуудтай инновацад түшиглэсэн түншлэлийг хөгжүүлэхэд үүрэг гүйцэтгэх юм байна.

Уриа: “Эх байгалиа сэргээж, Итгэл найдварыг бадраая” буюу “Restoring Land, Restoring Hope”

Бага хурлын ерөнхий агуулгын хүрээнд, дэлхийн 197 улс нэгдэн орсон олон талт гэрээ конвенцын шийдвэр гаргах үндсэн хуралдааны агуулга, хөтөлбөр, төлөвлөгөөг зохион байгуулагч улсын Засгийн газар болон конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хамтран шийдвэрлэдэг. Манай Засгийн газар зарим асуудлыг ажлын түвшинд тохиролцоод буй аж.

Бага хурлын ерөнхий уриаг “Эх байгалиа сэргээж, Итгэл найдварыг бадраая” буюу “Restoring Land, Restoring Hope” гэж нэрлэх саналыг дэвшүүлжээ. Үүнтэй холбоотойгоор “Эдийн засгаа сайжруулъя”, “Амьдралыг тэтгэе”, “Усны нөөцийг хамгаалъя”, “Өв соёлоо хадгалъя”, “Эрүүлийг эрхэмлэе”, “Тэсвэрлэх чадвараа нэмэгдүүлье” гэсэн дэд уриануудыг гаргаж “Газрыг нөхөн сэргээж” гэдэг агуулгатай холбоос хэлбэрээр хэрэглэх боломжтойг танилцуулав. Ерөнхий уриатай нийцүүлэн 12 өдрийн хурлыг зохион байгуулахдаа зургаан сэдэвт өдөртэй байхаар тогтсон байна.

Гадаадын зочид, төлөөлөгчид

Үндэсний хорооны өндөр дээд зочид төлөөлөгчдийн оролцоог хангах үүрэгтэй Гадаад харилцааны яамаар ахлуулсан дэд хорооноос гадаад улс орнуудын төр, Засгийн газрын тэргүүнүүд болон олон улсын байгууллагуудын удирдлагыг урьж оролцуулах асуудлыг тусад нь хариуцан ажиллаж байгаа ажээ.

Одоогийн байдлаар 30 орчим өндөр дээд зочдод урилга хүргүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хурлын ерөнхий сэдэв тодорхой болохыг хүлээж буй юм байна. Саудын Араб Улсын Эр-Риад хотноо болсон Талуудын 16 дугаар бага хуралд нэгдэн орсон улсуудын Засгийн газрыг төлөөлөн нийт 141 сайд оролцсон тул манай улс энэ тоог бууруулахгүй байхад анхаарч байгаа гэнэ.

СОР17-н мэдээ мэдээлэл хүргэх суваг

Талуудын 17 дугаар бага хурлын албан ёсны вэб сайтыг энэ оны 12 дугаар сард эхлүүлнэ. Сайтад Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй мэдээллээс зочид төлөөлөгчдөд зориулсан гэрээт зочид буудлууд, аялал жуулчлалын маршрут зэрэг мэдээллийг нэгтгэсэн байхаар төлөвлөжээ. Вэб сайтыг конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын вэб сайттай холбон олон улсад түгээж оролцох төлөөлөгчдөд танилцуулах юм.

Талуудын 17 дугаар бага хурлын албан ёсны бүртгэлийг ирэх жилийн гуравдугаар сараас конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар албан ёсоор эхлүүлснээр зочдод үйлчлэх хот доторх унаа тээвэр, нислэг болон хоол, хүнс, сайн дурын ажилтан, угтах зочлох зэрэг бусад үйлчилгээний урьдчилсан тооцоолол гарна. Тиймээс ирэх оны эхний улиралд дотоодын бэлтгэлийг эхлүүлэхээр товлосон байна.

Сонирхуулахад, COP16-г зохион байгуулсан Саудын Араб улс хуралд гаргасан зардлаа дөрөв дахин үржүүлж, эх орныхоо байгаль, бүтээн босголтын санхүүжилтийг нэмж чадсан байна. Тиймээс Манай улс СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулснаар урт хугацааны бодлогын санаачилгуудаа танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарт урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжтойг хурал зохион байгуулах Үндэсний хорооны мэргэжилтнүүд үзэж буй юм.