М.Батбилгүүн: Хиймэл оюун ухааны хөгжлөөс айх бус хүн төрөлхтний ухаалаг туслагч гэж харах нь зүйтэй
Монголд нэн тэргүүнд хийх ёстой ажил бол датагаа бэлэн болгох. Тэгсэн тохиолдолд сонирхож байгаа компани нь шууд аваад л ашиглана шүү дээ. Чанартай бөгөөд нийтэд нээлттэй маш том хэмжээтэй сан үүсгэх ажил. Энэ бол  хиймэл оюун ухааны хар ажил нь гэсэн үг. Үүнийг л хийж байж дараагийн алхмууд яригдана, хөгжинө.

“Инженерийн өнцөг” булангийн анхны зочноор “Эй Ай Эра” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хиймэл оюун ухаан, машин сургалтын инженер М.Батбилгүүнийг урьж ярилцлаа. Шинжлэх ухаанд итгэдэг эрхэм уншигч та инженерийн ярианд анхаарлаа хандуулна уу.  

- Та сайн байна уу. Гүүгл “Gemini”-аа танилцуулж хиймэл оюун ухааны ертөнцөд томоохон тэсрэлт хийж буй энэ үед бид ярилцаж байна. Хиймэл оюун ухааны өнөөдрийг хүрсэн оргил хөгжил хэзээнээс эхэлсэн юм бэ? 

-Хиймэл оюун ухаан бол өргөн хүрээний ойлголт. Хөгжлийн эхний цэгээсээ өнөөдрийн хөгжилд хүртлээ гурван том давлагааг үүсгэсэн байдаг. Одоогийн идэвхтэй хөгжлийн эхлэл 2012 онд тавигдсан. Үүнд урьдач нөхцөл болсон гурван хүчин зүйл бий. Эхнийх нь хүний тархины эсийг математик загварчилсан гүн сургалтын алгоритм, хоёрдугаарт компьютерын тооцоолох хүчин чадал ихэссэн, гуравт маш их хэмжээний өгөгдлийг хуримтлуулж боловсруулах боломжтой болсон юм. Тэгэхээр анх судалж, хөгжүүлж байсан үед компьютерын хүчин чадал хүрэхгүй, дээр нь түүнд сургах хэмжээний дата байхгүй байсан зэрэг шалтгаанаар хөгжил удааширсан байсан гэж ойлгож болно. Өмнө нь Мachine learning algorithms буюу машин сургалтын алгоритм хэрэглэж байсан бол Deep learning algorithms буюу гүн сургалтын алгоритм хэрэглэснээр маш эрчимтэй хөгжсөн юм. 

- Монгол Улсын хувьд нийтийн дунд хиймэл оюун ухааны тухай ойлголт, мэдлэг өндөр түвшинд биш байна. Цаашид энэ хурдтай хөгжлийг гүйцэж, нийтээрээ тодорхой хэмжээнд мэдлэгжихийн тулд яавал зохилтой бол?  

- Манай улсын хувьд иргэд нийтээрээ сайн ойлгож бас хэрэглэж байна уу гэвэл үгүй. ChatGPT систем хүртэл нийтийн хэрэглээнд түгээмэл биш нь ажиглагдаж байна. Энд бас ялгаатай зүйлс бий л дээ. Тухайлбал, англи хэлтэй улсад ChatGPT гараад ирэхэд мэргэжлийн бус хүн ч гэсэн хэрэглээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид ч гэсэн монгол хэлтэй, үнэ төлбөргүй, өдөр тутамдаа хэрэглэх шаардлагатай хиймэл оюун ухааны систем бий болгочихвол хүмүүсийн хэрэглээнд маш амархан нэвтрэх болов уу. Хүмүүс ярьж, тайлбарлаж, хэрэглээнд нь тогтмол байж, ойрхон байгаа зүйлийг л илүү сонирхож, мэдэхийг хүсдэг шүү дээ. Тэр ч утгаараа манай зохион байгуулсан үйл ажиллагааны дараа биднийг урьж мэдээлэл, сургалт авах нь олширч байна. Энд нэг зүйл нэмж хэлэхэд, Монгол Улсын энэ төрлийн мэргэжилтнүүд, инженерүүд нь харин сайн, чадварлаг байна гэж хардаг. Хамгийн ойрын жишээ бол, монголчуудын өөрсдөө бүтээсэн хиймэл оюун ухаан Чимэгэ дэлхийн хамгийн том хиймэл оюун ухааны тэмцээний платформ “Kaggle”-н Бенгали хэлний яриа таних тэмцээнд түрүүлж байсан шүү дээ.

- Улс орны хувьд бүтээгдэхүүн буюу салбар бүрд өөрийн гэсэн хиймэл оюун ухааны системтэй байвал илүү аюулгүй, илүү бие даасан байдлыг бий болгоно гэж ойлгодог. Үүний тулд манай орон юу бэлтгэх хэрэгтэй вэ? 

- Тэгэлгүй яах вэ. Хиймэл оюун ухааны Large Language Model алгоритмын үр шимийг хүртэхийн тулд монгол хэл дээр ярьж, бичдэг систем хэрэгтэй. Гэхдээ үүний тулд асар их дата буюу сан үүсгэх материал шаардлагатай. Дата нь чанартай, зохиогчийн эрх зөрчөөгүй, хувь хүн болон байгууллагын нууцад хамаарахгүй байх ёстой. Монголд нэн тэргүүнд хийх ёстой ажил бол датагаа бэлэн болгох. Тэгсэн тохиолдолд сонирхож байгаа компани нь шууд аваад л ашиглана шүү дээ. Чанартай бөгөөд нийтэд нээлттэй маш том хэмжээтэй сан үүсгэх ажил. Энэ бол  хиймэл оюун ухааны хар ажил нь гэсэн үг. Үүнийг л хийж байж дараагийн алхмууд яригдана, хөгжинө.

Ер нь “Large Language Model” хэл ойлгодог байдлыг хөгжүүлэх нь маш том ажил. ChatGPT-4 системтэй харьцуулахад ChatGPT-3 бол үнэгүй бөгөөд бага багтаамжтай. Тэгвэл үүнтэй дүйцэхүйц моделийг зөвхөн ажиллуулахад л “80GB A100 GPU” сервер 9 ширхэг, харин сургана гэвэл 18-20 ширхэг хэрэг болохоор байна. Нэг серверийн үнэ нь 20 мянган ам.доллар. Тэгэхээр энэ нь маш үнэтэй зүйл байх нь. Үүнтэй холбоотойгоор энэ нь зөвхөн мөнгөтэй хүн, компанийн л хийдэг ажил болоод байгаа юм биш үү, яаж ийж байгаад жижигхэн хувилбарт оруулж хүн төрөлхтний зүйл болгох хэрэгтэй гэдэг шүүмжлэл, шаардлага хүртэл хүртэл явж байгаа л даа. Тэгэхдээ манай улсын хувьд ядаж датагаа бэлтгэчихсэн байх юм бол хэзээ нэгэн цагт хэрэг болно. 

- Дэлхийн улс орнууд энэ салбарт хэрхэн анхаарч байна вэ. Хиймэл оюун ухаанд хамгийн их хөрөнгө зарж байгаа нь ямар улс юм бол?

- Хиймэл оюун ухаантай холбоотой судалгааны материал, өгүүллүүд маш их байдаг. Тэдний дундаас хамгийн их судалгааны материал хэвлүүлж байгаа нь АНУ, дараа нь БНХАУ явж байна. АНУ бол яалт ч үгүй томоохон хөгжүүлэлтийг хийж байна. Хятад улс төрийн оролцоотой анхаарч, хөгжүүлдэг. Японд бол томоохон компаниуд болон их сургуулиуд нь судалгаа хийдэг.

bilguun 

Гэрэл зургийн эх сурвалж: Startup Terminal хуудас

- Хиймэл оюун ухааны давуу талуудын тухай яривал. Манай улсын хувьд аль салбарт нэвтрүүлбэл илүү үр дүнтэй гэж бодож байна вэ? 

- Хиймэл оюун ухааны давуу тал, ололтуудыг уул уурхай, хөдөө аж ахуй, банк санхүү гээд бүхий л салбарт ашиглаж байна. Бүтээмжийг нэмэгдүүлж, давтамжийг хөнгөвчилж, хүртээмжтэй байдлыг өсгөдөг нь хүн төрөлхтөн дуртай ашиглаж байгаа голлох шалтгаан шүү дээ. Жишээлбэл, лазераар хиймэл оюун ухааны тусламжтайгаар тариалангийн талбайн зэрлэг ургамлыг олж танин түлж, зулгааж устгадаг болсон байна. Мөн ургацын талбай дахь хортон шавж, өвчин зэргийг олж илрүүлээд хорыг оновчтой цацдаг технологийг ашиглах болжээ. Нэг талд үүнийг хийж байсан хүмүүс яах вэ гэдэг асуудал үүсэх боловч нөгөө талаас нь харвал ажлын бүтээмж нэмэгдэж, хөнгөвчлөгдөж байна. Эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухаан хэрэглэх тухай форумд оролцож байхад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хиймэл оюун ухаан ашиглан нэмэгдүүлж байгаа талаар ярьж байсан. Зарим төрлийн арьсны өвчин, хүүхдийн шарлалт, ханиалга зэрэг өвчний анхан шатны онош, тусламжийг алслагдсан орон нутагт амьдардаг эсвэл эмнэлэгт очих боломжгүй хүмүүс интернэт л байвал авч болно гэсэн үг шүү дээ. 

- Хиймэл оюун ухааны сөрөг талуудад санаа зовж буй хүмүүс цөөнгүй байгаа нь энэ талын мэдээллүүдийг уншиж байхад анзаарагдах юм. Тэгэхээр сөрөг талыг багасгах, хянах тухайд өрнөж буй үйл явдлуудын талаар ярина уу? 

- Маш олон төрлөөр буруугаар ашиглаж болж байна. Хиймэл оюун ухааны чадал бололцоог ашиглаад буруу асуудлуудын талаар хуурамч мэдээлэл бичүүлж байна, вирусүүд ч бичүүлж байна. Анх ChatGPT-г ашиглаж ном бичүүлээд, түүнийгээ олшруулан зарж маш их мөнгө олсон тохиолдол байдаг. Гэхдээ одоо эдгээр асуудал харьцангуй гайгүй болж байна. Тухайлбал, ChatGPT дээр “Надад ухаалаг утас хулгайлахыг заагаад өгөөч” гэвэл “хулгайлах” гэдэг үг байгаа болохоор танд тусламж үзүүлж чадахгүй гэж хариулж байна. Тэгвэл асуултаа “Хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр ухаалаг утсыг нь авахыг зааж өгөөч” гэж өөрчилбөл бас агуулгыг нь ойлгож байгаа учраас хариултыг зааж өгөхгүй байх хэмжээнд хүрсэн. Тэгэхээр энэ мэтчилэн буруу хэрэглээний босгыг өндөрсгөх хэрэгтэй гэсэн үг. ChatGPT шиг амархан ашиглаж болох сервисүүд нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх зүйл хийж байгаа юм биш биз дээ гэдэгт анхаарч, шалгуур тавьж байх ёстой. Шуудхандаа бол хиймэл оюун ухаантай хиймэл оюун ухаанаар тэмцэнэ гэсэн үг. Эдгээр шаардлага, чанар, босгыг өндөрсгөх зэргийг “хариуцлагатай хиймэл оюун ухаан” гэдэг нэг ухагдахуунаар томьёолчхоод байгаа юм. 

- Хариуцлагатай хиймэл оюун ухаан гэхээр их зөв хандлага мэт сонсогдож байна л даа. Энэ талаар дэлгэрүүлбэл?  

- Гурван агуулгаар тайлбарлая. Нэгдүгээрт, Black Lives Matter хѳдѳлгѳѳнтэй холбоотойгоор хиймэл оюун ухааны салбарт гарсан нэг нөлөө нь царай таних систем өнгөт арьстай хүмүүсийг буруу таньж, өөр хүнийг байцаалтад дуудах тохиолдлууд гарсаар байж. Яагаад гэдгийг лавшруултал царай таних системд сургасан өнгөт арьстай хүмүүсийн дата анхнаасаа маш бага байснаас болсон байдаг. Ингэснээр таны системд сургасан дата алдаа /хазайлт/-тай байж болохгүй. Үүнийг шударгаар хянаж байх ёстой гэдэг шаардлага гарсан.

Хоёрдугаарт, эрүүл мэндийн хиймэл оюун ухааны үр дүнгээр ямар нэгэн өвчний онош тавьсан гэж бодъё. Тэгвэл энэ оношийг эмч өвчтөнд тайлбарлах хэрэгтэй болно. Гэвч хиймэл оюун ухаан гаргасан үр дүнгийнхээ талаар тайлбарлахад хүндрэл үүсвэл яах вэ? Тиймээс үр дүнгээ тайлбарлаж чадахуйц, учирч болзошгүй асуудлуудад тохирох арга хэмжээг авсан байх шаардлагатайг шаардаж байгаа юм.

Гуравдугаарт, хиймэл оюун ухааны гаргах үр дүн 100 хувь зөв биш. Жишээлбэл, 2015 онд Google photos африк гаралтай хоёр америк хүний зургийг горилл гэж тагласан байсан. Гэтэл тэрхүү зурагт ямар ч гориллтой холбоотой дүрс, агуулга байгаагүй. Тийм учраас хиймэл оюун ухаан нь итгэж болохуйц буюу хуульд нийцсэн, ёс зүйтэй, аюулгүй байдлыг хангасан байхыг мөн шаардаж байгаа юм. Хариуцлагатай хиймэл оюун ухаан гэх эл ухагдахуун нь хараахан албажиж, стандартжаагүй байгаа боловч хөгжих тусам илүү өндөр шаардлага үүсгэх нь тодорхой. Хиймэл оюун ухааныг дагасан сөрөг асуудлуудаас айж буй хүмүүс бий. Хөгжүүлж буй судлаачид дунд хүртэл ийм хүмүүс байна. Тэдгээр судлаач хиймэл оюун ухааны хөгжлийг зөв тийш нь явуулахад хариуцлага чухал гэдгийг судалгааны ажлууддаа бичиж, компаниудад нэвтрүүлэхийг шаардаж байгаа юм. 

 - Хиймэл оюун ухааныг ашиглаж хиймэл оюун ухаанаар үйлдсэн хууль бус үйлдлүүдийг хязгаарлах боломжтой гэж ойлгож байна. Хэдэн сарын өмнө олон нийтийн сүлжээнд цацагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буйгаар хийсэн “Deep fake” бичлэгийг та үзсэн байх л даа. Төрийн өндөр албан тушаалтан, онцгой ажил мэргэжилтэй хүмүүсийг үүнээс хамгаалах боломжийн тухай? 

- Боломжтой. Жишээлбэл, ChatGPT дээр би Брак Обамаг тэвэрчихсэн байдлаар зураг хийх боломжгүй байхгүй юу. Тэгэхээр энэ төрлийн хууль бус үйлдлээс хамгаалахын тулд тухайн сервисүүд рүү “манай ийм, ийм чухал хүний мэдээлэл, царайг ашиглаж болохгүй байхаар тохируулж өгнө үү” гээд хандах боломжтой. Тэгвэл ямар нэгэн байдлаар тухайн хүмүүсийн царайг “Deep fake” ч юм уу бусад хууль бус үйлдэлд ашиглах боломжгүй болно гэсэн үг. Таны асуултад дурдсан бичлэгийг бол кодын өндөр түвшний бус бага зэргийн ойлголт, мэдлэгтэй хүн хийсэн байна лээ. Энэ төрлийн үйлдлээс хамгаалахын тулд бүх сошиал сүлжээнд байгаа контентууд дээр царайг таних, зохисгүй агуулгыг мэдэгдэх зэргээр өөрийн хүрээнд хянаж байдаг системийг монгол талдаа ажиллуулж болно. Хэрэв ийм байдал үүсвэл “болиулж өгнө үү” гэдэг байдлаар сервис рүү хандах боломжтой л доо. 

Хиймэл оюун ухааны хөгжлийн эцсийн цэгийг тодорхойлох боломжгүй

artificial-intelligence-3382507_1280

- Хиймэл оюун ухааны ирээдүй ямар байх бол? 

- Gemini /large language model/ чинь хардаг, сонсдог, зураг, дуу хоолой, царай, текст танихын сацуу ярьчихаж байна. Маш ухаалаг болж байна гэсэн үг биз дээ. Gemini робот дотор орж ирэхэд маш ойрхон боллоо. Мөн гар, хөлтэй болох нь цаг хугацааны л асуудал байх. Одоо бол ухрах, зогсоох замгүй, бүгдээрээ больё гэдэг зүйл байхгүй гэж бодож байна. Хоёрхон жилийн өмнө л нэлээн хэцүү гэж яригдаж байсан зүйл боломжтой гэдгийг харуулж, алдаа мадагтай байсан бусад асуудлыг ч шийдчихлээ. Одоо математикийг логик дэс дараалалтай бодохдоо жаахан асуудалтай гэгдэж байгаа боловч энэ хурдацтай хөгжлийг нь харахад хурдан шийдэгдэх болов уу. “OpenAI” дахь судалгаа дээр математикийн олимпиадын зарим бодлогыг бодож чаддаг болчихлоо гээд байгаа байхгүй юу. Хиймэл оюун ухааны модель, дата, тооцооллын хэмжээг нэмэх тусам алдаа нь багасаж улам сайжирч байна. Мөнгө зарцуулж хөгжүүлээд л байх юм бол хөгжөөд л байх юм биш үү гэдэг сэдлийг мэргэжилтнүүдэд төрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухааны хөгжлийн эцсийн цэгийг тодорхойлох боломжгүй байна гэсэн үг. 

- Хүний жинхэнэ тархи, хүний оюун ухаанаар хөгжүүлсэн хиймэл оюун ухаан хоёрын өрсөлдөөн бий болох юм шиг санагдах юм, хэтдээ? 

- Нэгт, хүн хоорондын харилцааг юу ч орлуулж чадахгүй. Хоёрт, одоо энийг больё, бүгдээрээ үнэхээр айж байна гэж болохгүй. Хэрэв одоо зогсоовол нууцаар үргэлжлүүлж эхэлнэ. Тиймээс цаашдаа зөв явуулах гэдэг нь чухал. Тэгэхээр хиймэл оюун ухаан байгаа бол тэнд нь нэг хариуцлага хүлээх субъект буюу хүн байж таарах нь ээ дээ. Үүнтэй холбоотой хууль бус асуудал үүслээ гэхэд шүүхийн алх цохих эрх нь хүнд л байна шүү дээ. Тиймээс өрсөлдөгч, тэмцэл гэх мэтээр харахаас илүү хүн төрөлхтөн өөрсдийн хөгжилд нэмэр болох ухаалаг туслагчтай болчихлоо гэж харж байна. Түүнийг хэрхэн зөв хөгжүүлэх вэ гэдэг л хамгийн чухал бодолцох асуудал. Хэтэрхий их хөгжөөд ирсэн чинь хүмүүс олноор ажилгүй болоод ирвэл яах вэ гэх мэтийг бодолцох хэрэгтэй. Цаашид илүү дүрэм, журамтай болж хуульчлагдах тал руугаа явах байх. 

- Таны хувьд Япон улсад гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн. Яагаад ирэв. Нэг явсан бол ирмээргүй санагдаж, эндээ байгаа хүмүүс нь харьд явах тухай бодож байгаа учраас ингэж асууж байна, уучлаарай. 

- Япон улсад багагүй хугацаанд сурч, ажиллаж, амьдарсан. Нэг өдөр харина даа л гэж боддог байсан. Том охин маань сургуульд орох болж бидний харих тэр цаг ирсэн л дээ. Манай гэр бүл хүүхдүүдээ монгол сургуульд оруулж, монгол хэлээрээ боловсрол олж авах суурийг нь тавина гэж бодож, төлөвлөж байсан юм. Тэгэхгүй бол хүүхдүүд маань эх орноосоо жаахан хөндийрөх гээд, зун л монголд очдог гэдэг ойлголттой болчих гээд байгаа нь анзаарагддаг байлаа. Ирэх шийдвэр гаргахдаа байдал хэцүүхэн байгааг нь мэдэж байсан л даа. Хамгийн хэцүү нь хүүхдүүд өвдөх л байна. Аль болох зөөлөн газардах гээд л явж байна даа, бусад залуусынхаа адилаар. 

- Япон улсад хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллаж байсан тухайгаа болон өөрийн үүсгэн байгуулсан компанийнхаа талаар мэдээлэл өгөөч?

- Би хэрэглээний физикч мэргэжлээр Холбоо мэдээллийн их сургууль дүүргэсэн, Токио хотод. Хиймэл оюун ухааныг сонирхон судалдаг, их сургуульдаа энэ төрлийн зарим хичээл судалж байсан учраас төгссөнийхөө дараа Дэнцү группт машин сургалтын инженерээр ажиллаж эхэлсэн. Японд хиймэл оюун ухааны салбар руу өөр мэргэжил, салбараас хөрвөхөд нээлттэй байдаг нь энэ сонголтыг хийхэд их нөлөөлсөн дөө. Монголдоо ирснийхээ дараа 2022 онд “Эй Ай Эра” компаниа байгуулаад хиймэл оюун ухааны чиглэлээр гадаад, дотоодын үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллаж байна. Зөвхөн монголоос гэлтгүй дэлхийн хаанаас ч бидэнтэй хамтран ажиллахад нээлттэй. 

Танд баярлалаа. Амжилт хүсье.