Дүрэмгүй “халаасныхан”
Үзэмжээр төлбөрөө тооцдог хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдэд нийслэлчүүд дайгдаж газар дөхсөөр удаж буй. Үйлчилгээний зохих стандарт, үнэ тариф, замын хөдөлгөөний дүрмээс ангид тэдэнд хариуцлага тооцох нэгэн байхгүй.
Албан бус тоо мэдээгээр нийслэлд 30-40 мянга гаруй хувийн такси үйлчилгээ эрхлэгч бий. Харин албан ёсны 10 компанийн 585 гаруй такси иргэдэд үйлчилдэг гэх судалгаа байдаг. Такси үйлчилгээ эрхлэгчдийг “албаны ёсны”, “халтуурчид”, “халаасныхан” гэх гурван төрөлд хувааж болох юм. Эдгээрээс микро автобусны халааг авсан халаасны таксичид нийтийн тээврийн жолоочийн “толгойны өвчин”. Багшийн дээд, Эх нялхас, Таван шар, Цамбагарав, 7 буудал зэрэг автобусны буудлын нийтийн тээврийн зорчигчдоо буулгах хэсэгт ачааллын цагаар бөөнөөрөө шавсан тэд бусдын амь нас, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж буйгаа огт ойлгодоггүй.
Халтуурчдаас ялгаатай нь нэг чиглэлд хүрэх дөрвөөс таван зорчигчид үйлчилдэг онцлогтой. Жишээ нь, Эх нялхсын автобусны буудлаас Зүүн салааны эцэс хүртэл хүн тус бүрээс гурван мянган төгрөг авч үйчилдэг тарифтай тогтоожээ, өөрсдөө. Түгжрэл эхлэх оргил цаг, нийтийн тээврийн үйлчилгээ зогсох, цаг агаарын тааламжгүй үеүдэд тэд автобусны зогсоолыг дүүргэн цуваа үүсгэж нэгдүгээр эгнээний хөдөлгөөнд саад учруулдаг. Энэ нь автобусны жолоочид зорчигчоо зам дээр буулгах, буудал өнгөрч явах, зогсохгүй байх зэрэг дүрэмгүй загнах шалтгаан, шалтаг болно.
Замын хөдөлгөөний дүрмийн 14.8.в-д “чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр (22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд);” гэж заажээ. Гэвч дүрэмгүй “халаасныхан”-аар автобусны зогсоолууд хахаж, түгжрэл, автобусны хүрэлцээгүй байдалд яарсан, ядарч, залхсан иргэдийн халаасыг сэгсэрсээр байдаг.