Өнөөдөр унших шүлэг – Хавар
Өнөөдөр унших шүлэг – Хавар
Уншигч та бүхэндээ “Өнөөдөр унших шүлэг - Хавар” сэдэвт таван шүлгийг хүргэж байна. 

Дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна. Урин хавар урт өдөр, урам зориг, хүсэл тэмүүлэл, уяхан догдлолыг авч ирдэг. Уншигч та бүхэндээ “Өнөөдөр унших шүлэг - Хавар” сэдэвт таван шүлгийг хүргэж байна. 

Д.Нацагдорж “”Дөрвөн цаг” – Хавар шүлэг

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар

Монголын сайхан оронд жил жил дэлгэр

Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр

Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад

Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ

Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад

Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана

Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход

Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна

Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад

Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд

Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ

Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд

Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.

Д.Нямсүрэн “Дөрвөн цаг” – Хавар

Цас хайлж ханзрах сайхан
Цаг ирэх сайхан
Чамайг хүлээх сайхан
Цаг харах сайхан

Шувуу ирээд буух сайхан
Чулуун дээр суугаад нисэх сайхан
Харгуй замаар хүн явах сайхан
Хадан дээр би суух сайхан

Айлын бүсгүй усанд явах сайхан
Арын булаг уруу дурандах сайхан
Цэнхэр зэрэглээ сүүмэлзэх нь сайхан
Цэнхэр дээл чамд зохих нь сайхан

Толгодын орой зэрэглээтэх сайхан
Торгон салхи сэвэлзэх сайхан
Хөх ногооны униар татах сайхан
Хөх мананд нь ороолгон суух сайхан

Амгалан шөнө нойр хулжих сайхан
Алсын чимээ анирлах сайхан
Бүүр түүр холд нэг юм жингэнэх сайхан
Бүүвэй бүүвэй хорвоо сайхан

Хэн нэгэн ирээд явах сайхан
Хэрэг болгож надаас, гал байна уу гэж асуух сайхан
Ертөнцийг аргадах хийгээд, бусдыг бодох сайхан
Юм бүхнийг хайрлах, гол мөрөн урсах хоёр сайхан

Цөн түрж, гол урсах нь сайхан
Цөмөрвөл, би ч бас урсана даа гэж бодох сайхан
Өглөө голын эрэгт, ганцаархнаа сайхан
Орой голын хөвөөнд чамтайгаа сайхан

Хашаа тэргэн дээр шаазгай үглэх сайхан
Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан
Дөрвөн зүгээс ураг садан ирэх нь сайхан
Дөтийн замаар хань нөхөд ирэх нь сайхан

Цэнхэрлэж нутгийн бараа харагдах нь сайхан
Цэлэлзэж нүдний нулимс гарах сайхан
Дөрөөн дээр өндийгөөд исгэрэн давхих сайхан
Дөрвөн туурайн хооронд шувуу нисэх сайхан

Хаврын өглөө эрт босох сайхан
Хазаар аваад моринд явах сайхан
Сэрүүн цас үнэртэх нь сайхан
Сэмжин мөснөөс хүлхэх нь сайхан

Он он жил хөдөө суух сайхан
Од мэт хөх дан сууцанд амьдрах сайхан
Дээр яваа сансрын хөлөг эргэж ирэх сайхан
Дээврийн цас хайлж янжуурын цог дээр тусах сайхан

Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан
Утасны мод хөхөрч гандах нь сайхан
Он жилүүд ирэх сайхан
Он жилүүд одох сайхан

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд гол урсах сайхан

Ц.Гончиг “Дээврээс дуслах хавар”

Ертөнцийг аврах гоо үзэсгэлэн бол

Ердөө л дээврээс хавар дуслах,

Болжморууд түлээний завсраар нуугдаж тоглох

Хажуу айлаас барьсан талхны шинэхэн үнэр

Хамар цоргих...

Салхи ямар нэг ая исгэрэхэд

Шонгийн утас дэм болох

Хэмнэлд нь хүүгийн минь хувцас

Хэцэн дээр хөнгөн бүжих...

Энэ бүхнийг гэрийнхээ довжоон дээр харж зогсоод

Эзэмшил нутгаар хашаагаа төсөөлөх

Хаанд өөрийгөө өргөмжлөх...

Ертөнцийг аврах гоо үзэсгэлэн бол

Ердөө л энэ гэдгийг нээх...

Я.Баяраа “Дөрвөн цаг” - Хавар

Хавар

Хаврыг одоохондоо хатавчинд л байлгаж баймаар байна

Хавар аа, хар шаараа, гэгэлзүүлэлгүй тэр хавиараа

гэнэн тэнэгүүдийн сэтгэлийг хөвсөлзүүлээдтүр саатаж хайрла аа ...

Д.Эрдэнэзулай

Нүцгэн цээж үл жиндээх 

Хавар эртийн догдлол минь

Би яг одоо чамайг бодоод л 

Байдаг л нэг янзаараа цонхоор харж зогсоно

Аманд хуучин шүлгүүд минь аялагдаж

Амь орох мэт бодол бүхэнтэй минь эвцэлднэм

Гадаа үүр цайхын өмнөх түнэр харанхуй

Гарт минь хоолой хорсгосон тал тамхи

Харанхуйн дунд гудамж талбай чимээ аниргүй

Харин миний дотор үймж бужигнасан олон бодол байна

Оройн бүрэнхийд байрны чинь гадаа очоод

Таван давхар өөд танай цонхруу ширтэж ширтэж

Нэрийг чинь шивнэж шивнэж явсан

Нэг чих чинь хангинаа боловуу, яагаа бол

Ирээд явсаны чинь дараанаас л

Дахин ирэхийг чинь хүлээдэг

Ийм их итгэл минь

Дундраагүй л байна

Орхичихож зүрхэлдэггүй

Зориггүйхэн зүрх минь

Одоо бас юунд ч юм түгшиж

Цээж задалчих шахан оволзоно

Итгэлээ алчуур болгоод танай зүг хийсгэвэл

Хог мэт гадаа чинь хийсэж унаад хаягдах бизээ

Гэлээ ч үл сэмрэх итгэл минь

Нүцгэн цээж үл жиндээх хаврын өдрүүдийг дуустал

Энд би байдаг л янзаараа хүлээж зогсном

Уильям Блейк “Spring”

Sound the flute!
Now it’s mute!
Birds delight,
Day and night,
Nightingale,
In the dale,
Lark in sky,
Merrily,
Merrily, merrily to welcome in the year.

Little boy,
Full of joy;
Little girl,
Sweet and small;
Cock does crow,
So do you;
Merry voice,
Infant noise;
Merrily, merrily to welcome in the year.

Little lamb,
Here I am;
Come and lick
My white neck;
Let me pull
Your soft wool;
Let me kiss
Your soft face;
Merrily, merrily we welcome in the year.