Бид бүгд яг адилхан ч өөр өөрийн онцлогтой ялгаатай хүмүүс
Бид бүгд яг адилхан ч өөр өөрийн онцлогтой  ялгаатай хүмүүс

Жил бүрийн 3 сарын 21 Дэлхийн дауны синдромын өдөр.

Ялгаатай байдлаасаа болоод нийгмээс тусгаарлагдах, эсвэл бүр хөөрхий минь хэмээн өрөвдүүлэхийн аль аль нь тэдэнд хэрэггүй.

Улаанбаатар хотын төвд “Зориг сан”-гийн байрны урд нэгэн жижигхэн кофе шоп байдаг юм. Тодорхой хаяггүй ч мэдэх хүмүүс нь зориод очдог газар.

Гэрээсээ кофе уугаагүй гарсан өдрөө, энэ хавиар явахдаа би ч мөн адил зориод үйлчлүүлнэ. Очих бүрд өөр, өөр хүмүүс үйлчлэх бөгөөд монголын Дауны холбооны эцэг эхчүүд хүүхдүүдийн хамт ээлжлэн ажиллуулдаг аж.

“Долоо хоног ирээгүй байсан чинь хийдэг ажлаа мартахаа шахсан байна шүү дээ” гэж ээж нь инээсээр багахан зааврыг өгч, хүү ч хичээнгүйлэн миний кофег хэдхэн минутад бэлэн болголоо.

img_1019 

Өнөөдөр бол 3 сарын 21 буюу дэлхий нийтээрээ Дауны синдромыг ойлгож, бусаддаа ойлгуулж, тэднийг байгаагаар нь хүлээж авахыг уриалдаг өдөр. Энэ жил

“ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫГ ӨӨРЧИЛЬЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Ялгаатай байдлаасаа болоод нийгмээс тусгаарлагдах, эсвэл бүр хөөрхий минь хэмээн өрөвдүүлэхийн аль аль нь тэдэнд хэрэггүй.

Хүн бүрийн хийж чадах ганц зүйл бол яг байгаагаар нь хүлээн авах, бусдын л адил хүн шүү дээ гэж бодоход л болно. Хүүхдүүддээ болон дауны синдромын талаар мэдээлэлгүй хүмүүст зөв мэдээлэл түгээхэд л хангалттай, өөр юу ч хэрэггүй. Тэд болон тэдний асран хамгаалагчид үүнийг л хүсдэг..

Олон янзын, ялгаатай хүмүүс зэрэгцэн амьдарч энэ нийгмийг бүтээдэг билээ.

Тэд ч бас бусдын л адил хөдөлмөр эрхэлж, сурч боловсорч яваа. Та бүхэн дэмжээд кофе шопоор нь үйлчлүүлээрэй. Очих бүрд хичээнгүйлэн үйлчилдэг учраас халуун кофетой хамт дулаан мэдрэмжийг аваад гардаг юм.