03 сарын 21, 2024
Хүрэн баавгайн хоёр арьсыг худалдах гэж байхад нь илрүүлжээ
Хүрэн баавгайн хоёр арьсыг худалдах гэж байхад нь илрүүлжээ

Хүрэн баавгайн хоёр ширхэг арьсыг худалдан борлуулах гэж байсныг илрүүлэн шалгаж байна.

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарын 20-ны өдөр халиун бугын нэг ширхэг нойтон арьс, хүрэн баавгайн хоёр ширхэг арьсыг худалдан борлуулах зорилготой авч явсан хууль бус үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо "Шинэ зам"-ын ойролцоо сэжигтэй эд зүйл тээвэрлэж явсан автомашинд үзлэг шалгалт хийхэд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн халиун бугын нойтон арьсыг бусдад худалдан борлуулах зорилгоор авч явчээ.

Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр "Барс-2" худалдааны төвд Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн хоёр ширхэг хүрэн баавгайн арьс худалдан борлуулах зорилготой авч явж байсан гэх үйлдлүүдийг илрүүлэн тухайн амьтдын арьсыг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

432739058_728849099456202_5900186854009494199_n Халиун бугын нойтон арьсыг бусдад худалдан борлуулах зорилгоор авч явчээ.

Засгийн газрын тогтоолоор халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээг 12.700.000 төгрөгөөр, хүрэн баавгайг 12.450.000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд амьтны тухай хуулийн 37.2-д Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж төлүүлнэ гэж заасан байдаг.

Харин эрүүгийн хуулийн 24.5.2-д улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.