Сэтгэлийн хүчээр ялан дийлэгч
Сэтгэлийн хүчээр ялан дийлэгч

Түүнийг Г.Эрдэнэзул гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. “Түгээмэл хөгжил” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төвийн зохицуулагч.

- Тэгвэл ямар хүмүүс гоё нийгмийг бүтээдэг вэ?  - Бэрхшээлийг, өөрийгөө ялан дийлж сэтгэлийн хүчийг цуглуулчихаад гаднаа, дотроо ч тэр хүчирхэг амьдардаг хүмүүс.   

Ямар хүмүүс гоё нийгмийн бүтээдэг вэ?

Бичвэрийн эхэнд уншигч, үзэгч танд гурван асуулт тавья.

-Зоригтой, тэмүүлэлтэй байх гэдгийг та хэрхэн ойлгодог вэ?

-Сэтгэлийнхээ хүчээр өөрийгөө ялчихаад бусдад болон нийгэмд эерэг өөрчлөлт бүтээж, гаднаа, дотроо ч тэр хүчирхэг амьдарч яваа хүн та мөн үү?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг та хэрхэн харж, ойлгодог вэ?

Тэгвэл танд эдгээр асуултын хариултыг бидний зочин Г.Эрдэнэзул өгөх болно. Түүний туулсан зам, хүсэл тэмүүлэл нийгмийг бүрдүүлэгч олон хүний ойлголт, сэтгэлгээнд өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна.  

... Бурхан хүнд зовлонг даах хэмжээгээр нь өгдөг гэж ярьдаг. Миний бодлоор тэр бол худал. Харин би эмэгтэй хүн зовлонг илүү даадаг юм болов уу гэж боддог. Анх гэмтчихээд аймшигтай их шаналж байсан. Одоо эргээд бодохоор юун жаахан юманд шантарч байсан юм бэ гэж санагддаг ...” түүний ярианаас асар хүч, зориг мэдрэгддэг. 

Түүнийг Г.Эрдэнэзул гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. “Түгээмэл хөгжил” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төвийн зохицуулагч. 2014 оны хавар автомашины ослын улмаас нуруу, нугасны гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан. Гэхдээ бусдын “Чи хөгжлийн бэрхшээлтэй юм байж гэртээ байж байхгүй юун ажил хийх вэ. Та нарын ажил хийнэ гэж юу байдаг юм бэ” гэдэг мэдрэмжгүй үгс, өрөвдсөн харцыг үл хайхран сурч мэдэж, ажиллаж хөдөлмөрлөж, нийгэм, хамт олон дунд өөрийн орон зайг бүтээж, зорилго, мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж яваа бүсгүй юм. 

Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 115,115 хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Тэдний 66,019 нь эрэгтэй, 49,096 нь эмэгтэй гэдгийг Үндэсний статистикийн хорооны сайтаас харж болно. 

Энэ үзүүлэлтийг өнөөгийн хүн амын тоотой харьцуулбал Монгол Улсын иргэдийн 3,28 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг илэрхийлж байна. Бэрхшээлийн онцлог ялгаатай байдлаас болж нийгмийн амьдралд идэвхтэй оролцохгүй байх нь түгээмэл. Гэвч жаахан урам өгч, итгэлийг нь сэргээгээд өгвөл хэдэн зуу, мянган хүн бэрхшээлээс үл шалтгаалах заяагдмал эрхээ эдлэхэд бэлэн байгаа бол?!

Сэтгэл зүйн шок, нийгэмд үл ойлгогдох байдал, олон нийтийн мэдрэмжгүй хандлагыг сөрж эерэг хандлагыг түгээж чадна гэж өөртөө итгэсэн эмэгтэйчүүдийн нэг бол Г.Эрдэнэзул. 

Токиогийн, Лондоны эсвэл Даблины гудамжинд энгийн, мотортой, автомат янз бүрийн тэргэнцэртэй хүмүүс явж, тэднийг дэлгүүр, захаас хүнсээ цуглуулж, кофе шопоор үйлчлүүлж, ресторанд хооллож, ажлаа хийж, танд үйлчилгээ үзүүлж магадгүй чиний дарга удирдлага байхтай ч таарна. Энэ бол гайхамшигтай зүйл бус, гажууд юм бүр ч биш. Нэг нь хөлөөрөө алхдаг, нөгөө нь тэргээр явдаг, заримынх нь гар хуруу, эд эрхтэн хэвийн хөдөлдөг, харин зарим нь бэрхшээлтэй боловч нэгэн төрөлд төрсөн адилхан хүмүүс ажиллаж бас амьдарч байгаа юм. Харин манай улсын төр, нийгэм, хүмүүсийн хувьд ингэж ойлгох цаг ирж яваа гэдэгт итгэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас 2021 онд гаргасан Хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан хаагчийн статистик тоо, мэдээг график хэлбэрээр үзүүлье. 

graph 

Энэ төрлийн баримтад хамгийн шинэ гэж тооцож болохуйц гурван жилийн өмнөх статистикийг харвал төрийн албанд ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй хүмүүс эсрэг хүйсээсээ цөөн байна. Монгол Улс бүхий л салбар, ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, нийгмийн хөгжилд үүрэг, нөлөөллийг нь нэмэгдүүлэх тухай, жендэрийн тэнцвэртэй байдлыг хангах талаар ярьсаар байдаг. Ийм яриандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж ёс төдий дурддаг болсон нь анзаарагдсан билээ. 

Хүн хүнээ хайрладаг, ойлгодог, хүндэлдэг, хүндээ ээлтэй ахуй байдлыг гоё нийгэм гэнэ. Гоё нийгмийг бүтээхэд хүн бүрийн хичээл зүтгэл, оролцоо хэрэгтэй. Гоё нийгмийг бүтээхэд хэнийг ч ялгаварлахгүй үзэл, хүйсийн тэгш оролцоо болоод хүний эрхийн тэгш  мэдрэмж ямар ч хуулиас чухал. 

- Тэгвэл ямар хүмүүс гоё нийгмийг бүтээдэг вэ? 

- Бэрхшээлийг, өөрийгөө ялан дийлж сэтгэлийн хүчийг цуглуулчихаад гаднаа, дотроо ч тэр хүчирхэг амьдардаг хүмүүс.