03 сарын 19, 2024
“Ногоон автобус”-ны хянан шалгах хороог Ж.Бат-Эрдэнэ даргална
“Ногоон автобус”-ны хянан шалгах хороог Ж.Бат-Эрдэнэ даргална

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдлаа.

Өнөөдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн даргалсан бөгөөд хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно…” гэж заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн гаргав.

486293ed99f046348991f560ff468170 УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар. 2024.03.19

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь цөөнхийн зүгээс энэхүү хянан шалгах түр хорооны бүхий л үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Н.Ганибал нар хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа болон нэр дэвшүүлэх саналтай холбогдуулан үг хэлэв. Хянан шалгах түр хороо нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 оны худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгааныг тодруулан шалгахын зэрэгцээ төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай байсан эсэхийг тогтоох юм. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “гэрээ шууд байгуулах арга”-аар хийсэн нь үндэслэлтэй эсэхийг тодруулах, үүний зэрэгцээ холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх шаардлага бий эсэхийг нягтлах талаар гишүүд байр сууриа илэрхийлж байв. Хамгийн чухал нь хяналт, шалгалтын хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэд олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах гэдгийг үг хэлсэн гишүүд тэмдэглэж байв.

aeea64c4652b425ebb3253a012d8fd59 Хянан шалгах хорооны гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа  санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын найман гишүүний олонх буюу 87.5 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдаж, Ж.Бат-Эрдэнэ гишүүн Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны даргаар ажиллахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.