Хотын зурвас: 00-н соёлоо өөрчилье, бүсгүйчүүд ээ 
Хотын зурвас: 00-н соёлоо өөрчилье, бүсгүйчүүд ээ 

Японд сурагчид сургуулийнхаа ариун цэврийн өрөөг цэвэрлэдэг.

Эцэст нь, бүсгүйчүүдээсээ уучлалт гуйгаад, хэдийгээр бидний ашиглаж буй ариун цэврийн өрөө хүрэлцээгүй, тухлаг бус байдаг ч зөв үйлдэл, эерэг хандлагыг түгээж 00-н соёлоо өөрчилье гэж уриалж байна. 

Монгол эмэгтэйчүүддээ уриалж хэлмээр санагдаж, “арай заваан юм аа” гэж олон удаа бодож, “ядаж ийм байсан бол” хэмээн гаднын улсуудынхтай харьцуулж яваа нэг зүйл бол ариун цэврийн өрөөний соёл буюу 00-н суултуур, угаалтуурыг зөв боловсон ашиглан бие засаж, гараа угааж сурах, хэвших тухай үгс билээ. 

Дэлхийн улсуудтай харьцуулахад бид суурин соёл иргэншилд шилжиж, хотжоод удаагүй байгаа боловч оюун ухаант хүний, тэр тусмаа цэвэр цэмцгэр байдлын илэрхийлэл бүсгүйчүүдийн ашиглаж, хэрэглэж байгаа ариун цэврийн өрөөний ахуй орчин арай хэтэрхий бохир байдаг юм. 

Арав гаруй жилийн өмнө түрээсийн оффисын эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд таардаг байсан тэвчимгүй бохир байдлыг өнөөдөр захын үйлчилгээний газрын 00-оос харж байгаа нь харамсалтай. Энэ байдал тухайн газрын байршил, үйлчилгээний төрлөөс үл хамаарах нь үйлчлүүлж буй хүмүүстэйгээ шууд холбоотой мэт сэтгэгдэл төрүүлдэг. 

Бие засах газар бол бохир гэж боддог монгол хүмүүсийн хэвшмэл ойлголттой холбоотой юу эсвэл хувь хүмүүсийн хүмүүжил, төлөвшил, ёс суртахууны асуудал нөлөөлдөг үү гэдгийг ялгаж ойлгоход бэрх. Ямартай ч ариун цэврийн өрөөг соёлтой ашиглаж, өөрийн бохирыг дараагийн хэн нэгэнд үлдээхгүй байх нь таны болон бусдын эрүүл мэндэд хамгийн чухал нөлөөтэй гэдгийг мэддэггүй нь илт. Өөрөө цэвэрлэхгүй, магадгүй дахиад үйлчлүүлэхгүй юм чинь яаж ч орхисон яах вэ гэдэг аминч үзэл нь бас нөлөөлдөг болов уу. 

Нэг жишээ хэлэхэд, манайхны үлгэр жишээ авах дуртай японд сурагчид сургуулийнхаа ариун цэврийн өрөөг цэвэрлэдэг. Өөрөө цэвэрлэдэг тул цэвэрхэн байхыг урьтал болгох нь тодорхой. Сурагч байхаас олсон энэ үйлдэл нь цаашдаа хэвшил, дадал болдог байх. Хэдэн жилийн өмнө нэгэн комедиан “Улсын хөгжил 00-оосоо эхэлдэг юм байна” гэж хошигнож байсан нь марзганал гэхээс илүүтэй үнэн санагдаж билээ. 

Харин монголд “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэх өргөн агуулгатай үгийг “00-н эшлэл” гэгдтэл нь бичээд, төрөлх хэлээр санамж гаргаж харааны түвшинд нь тохируулж наагаад ч нэмэр болохгүй гэдгийг захын газрын 00-н байдал батална. 

Эцэст нь, бүсгүйчүүдээсээ уучлалт гуйгаад, хэдийгээр бидний ашиглаж буй ариун цэврийн өрөө хүрэлцээгүй, тухлаг бус байдаг ч зөв үйлдэл, эерэг хандлагыг түгээж 00-н соёлоо өөрчилье гэж уриалж байна.