03 сарын 18, 2024
Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээжээ
Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээжээ

Гэрэл зургийн эх сурвалж: Serik Beredmurat фэйсбүүк хаяг

Өөрийн алдаа зөрчлийг хүлээн зөвшөөрч, бодитой дүгнэлт хийн гэмшиж, эерэг хандлагыг харуулсан гэж Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн олонх гишүүн үзсэн тухай МҮБХ-оос мэдээлжээ.

Монголын Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн өнгөрөгч бямба гаргийн хурлаар улсын заан Б.Серикийн хүсэлтийг хэлэлцэж түүний барилдах эрхийг энэ сарын 18-ны өдрөөс сэргээх шийдвэр гаргасан байна.

Түүнийг ёс зүйн алдаа, зөрчил гаргасан үндэслэлээр тус зөвлөлөөс барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар түдгэлзүүлээд байсан юм.

Монгол Улсын заан Б.Серик ёс зүйн зөрчилдөө хариуцлага тооцуулсны дараа нийгэм, олон нийтийн мэдээллийн сүлжээнд, мөн бөхийн хамт олны дунд өөрийн үйлдлийн талаар болон авсан арга хэмжээтэй холбоотой ямарваа нэгэн буруу ташаа мэдээ, мэдээлэл гаргах, бусдаас бурууг хайх, буруутгах зэрэг үйлдлийг гаргаагүй. Өөрийн алдаа зөрчлийг хүлээн зөвшөөрч, бодитой дүгнэлт хийн гэмшиж, эерэг хандлагыг харуулсан гэж Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн олонх гишүүн үзсэн тухай МҮБХ-оос мэдээлжээ.

Мөн тус зөвлөлөөс монгол бөхийн ёс жудгийг сахин бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж байгаа сум, аймаг, улсын цолтой бөхчүүдийг жил бүр тодруулж, тэднийг алдаршуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон байна.

mubh