Дэд түрүүч А.Гансайхан болон байлдагч Т.Дэлгэр
Аливаа улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа нь цэрэг дайчид байдаг. Бид Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг Хилийн инженер техникийн … дугаар тусгай ангид хугас өдрийг өнгөрүүлэв. Тавин жилийн хугацаанд салаа рот, тусгай батальоноос анги болтлоо өргөжсөн тусгай ангийн түүхэн тэгш ой өнгөрөгч есдүгээр сарын 15-нд тохиожээ. Тус анги нь ХХЕГ-т төрөл мэргэжлийн хэлтэс болон анги, отрядуудад инженерийн алба байгуулагдан, зохих хүч хэрэгсэлтэйгээр улсын хил хамгаалалтын инженерийн хангалтыг зохион байгуулдаг аж.
Хаврын урь наашилж байгаль дэлхий өнгөө сэлгэж эхэлжээ. Цэргийн ангийн гаднах байдал ажин, түжин харагдана. Учир нь амралтын өдөр анги, шалган, ротын жижүүр, хугацаат цэргийн алба хаагчид ангидаа байгаа аж. Маргааш /даваа гарагт/ “Монгол цэргийн өдөр” буюу бидний хэлж заншснаар “Цэргийн баяр” тохионо. Хугацаат цэргийн алба хаагчид хэрэндээ өөрсдийгөө бэлдэж нормын эрээн хувцсаа индүүдэж, шинэхэн зах даавуу зэхэж байв. Баярын парад, байлдааны тугаа цэнгүүлэх ёслолын жигдэрсэн жагсаалдаа цэргүүдийн хамгийн гоё гангараа бол гялалзсан гутал, жавхайтал өмссөн дүрэмт хувцас, цэвэрхэн оёсон давуу байдаг. Ротын үүдээр ороход лбаярын уур амьсгал мэдрэгдэнэ.
Хаврын улирал дөхсөн ч юмуу
Хайртай үрээ санасан ч юмуу
Халагдах хоног ойртсон ч юмуу
Харих хоногоо тоолон сууна
хэмээн дуулах нь соёл амралтын танхимаас сонсогдоно. Өнөөдөр тэдний амралтын өдөр учир усанд орж, хувийн бэлтгэлээ хангаж, телевиз үзэж, фитнесээр хичээллэж өнгөрүүлдэг аж. Гэлээ ч ротын шал цэвэрхэн, цэргийн ор дөрвөлжин хэвээр байгаа нь тэдний дадалд шингэснийг илтгэх аятай байлаа.
Дэд түрүүч А.Гансэлэм
Биднийг ротоор ороход хоёрдугаар ротын бага дарга дэд түрүүч А.Гансэлэм соёл амралтын танхимд гитар тоглож суусан юм. Тэр цэрэгт ирээд шатар, теннис тоглож сурсан бөгөөд одоо гитар тоглож сурч байгаа аж. Тэрбээр ШУТИС-д “Цахилгааны инженер” мэргэжлээр суралцаж байсан ч 2023 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдан иржээ. Анх дотнын найзуудтайгаа цэргийн комиссоор орсон бөгөөд бүгдхамтдаа нэг цэргийн ангид алба хаана хэмээн бодсон ч өөр өөр анги руу хуваарилагдсан гэнэ.
Тэрбээр “Цахим орчин, олны ярианаас сонсоход хар бараан газар шиг санагддаг байсан. Гэхдээ тийм зүйл огт байгаагүй харин ч эсрэгээрээ санагдсан. Хүнээс үнэн, хатуу үг сонсож сурсан. Ядаж л хүн миний төлөө үг хэлж байхад нүд рүү нь хараад, цэх шулуун зогсоод сонсож чаддаг болсноо ч хэлж байлаа.
А.Гансэлэм тангаргийн баярынхаа дараа удалгүй дэд түрүүч цолоор шагнуулжээ. Бага дарга байх нь түүнд хариуцлагатай байх чанарыг ойлгуулж.. “Ротын цэргүүдээсээ урьтан босож, бусдадаа үлгэрлэж байхыг хичээх тусам би өөрийгөө сайнаар өөрчлөгдөж байгааг мэдэрдэг” гэсэн. Тэр оюутны нэг жилээ алдсандаа анх харамсдаг байсан ч одоо цэргийн хүн болох талаар хааяахан боддог болсон. Өмнө нь дотуур байр, сургуулиас өөр тийш явдаггүй байсан бол цэрэгт ирснээр нүүр хагарч, олон найзуудтай болсондоо баяртай байгаа. Их сургуулийн оюутан эх орны хүү болсондоо харамсахгүй байна гэж хэлсэн юм.
Байлдагч Т.Дэлгэр
Цэрэгт явах багын мөрөөдлөө биелүүлж яваа, бяцхан охиныхоо зургийг энгэрийн халаасандаа нандигнасан шинэхэн аав Т.Дэлгэртэй уулзаж, ярилцлаа. Тэр өнгөрсөн оны зургаадугаар сарын 29-нд аав болсон ч багын мөрөөдлөө биелүүлэхээр намар нь цэргийн албанд морджээ. Цэрэгт ирээд таван сар болж байна. Одоо нэгэнт дасжээ. Хоёрдугаар сард гурав хоногийн чөлөөгөөр шагнуулж гэртээ харихдаа он жавуудаа санасан шүү. Намар яаж энэ хэдээсээ холдоно доо гэж бодож сууна.
Анх ирхэд бүх үйл ажиллагаа цагийн хуваарийн дагуу явагддаг нь хэцүү санагдсан ч албандаа дасахаар харин ч илүү амар, тодорхой байдгийг нь ойлгосон. Хүмүүс амьдрал тэгээс эхэллээ гэж ярьдаг. Энд л амьдрал жинхэнэ тэгээс эхэлж байгаа мэт санагдаж байсан. Эхээс төрсөн бие дээрээ бүгд ижилхэн хувцас, нормоор хангагдаж байгаа юм л даа”
гэж ярьсан…Т.Дэлгэр барилгын өрлөгчин мэргэжилтэй бөгөөд инженерийн ангид алба хааж байгаа нь сурч мэдсэн зүйлсээ мартахгүй, бататгахад дөхөм байгааг онцолсон юм. Тэрбээр халагдаад он жавуудтайгаа хамтарч барилгын бригадтай болно гээд аль хэдийн амьдралын төлөвлөгөө зохиосон байлаа.
Дэд түрүүч А.Гансэлэм болон байлдагч Т.Дэлгэр
Тэд халагдах өдрөө бус тавдугаар сард хил дээр үүрэг гүйцэтгэх хугацаагаа тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. Учир нь Хилийн инженер техникийн .... дугаар тусгай ангийн хугацаат цэргийн алба хаагчид хил хамгаалах ерөнхий газрын тушаалаар улсын хилийн тусгай томилгооны дагуу ажилладаг аж. Жагсаалын дуу, жигдэрсэн алхаа тавин нэг дэх жилдээ цуурайтаж буй тус ангийн цэргүүдийн жавхаасан харц, сэргэлэн ярианаас албаа нэр төртэй хаахад түүртэх зүйл байхгүй гэдэг нь илт харагдсан юм.