Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 103 жилийн ойн түүхэн тэмдэглэлт өдөр.
Монгол цэргийн өдөр буюу Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 103 жилийн ойн түүхэн тэмдэглэлт өдөр тохиож байна.
1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын байгуулж, удирдсан ардын цэрэг Хиагт хотыг чөлөөлж байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
Улмаар 1946 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн хурлаар ардын хувьсгалт цэргийн баярын өдөр тэмдэглэх тухай хэлэлцэхдээ ардын журамт цэрэг анхны ялалтаа байгуулж Хиагт хотыг чөлөөлсөн гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгож жил бүр ёслон тэмдэглэхээр шийдвэрлэжээ.
Үүнээс хойш 2003 онд Монгол Улсын Их хурлаас баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэсэн байна. Харин 2011 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр тухайн хуульд өөрчлөлт оруулж “Монгол цэргийн өдөр” болгожээ.