Усны газрын дарга З.Батбаяр, уулзалт хэлэлцүүлгийн үеэр, 2023.03.14. Эх сурвалж: ТХТСклуб
Дэлхий даяар усны зохистой хэрэглээ, усны үнэ цэнийн талаар хэлэлцэж 1993 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Гэвч хүмүүсийн усанд хандах хандлага, ойлголт, бодит хэмнэлт олон нийтийн дунд хангалттай биш байсаар буй. Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяртай өглөөний уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Түүний ярианаас онцолсон 10 эшлэлийг хүргэж байна.
Тэрбээр Ус ба дайн буюу “Water and War” гэдэг үгийг хэрэглэсэн нь усны нөөц, хэрэглээ, хомсдол зэргийн одоогийн нөхцөл байдлыг харуулах хүчтэй илэрхийлэл байлаа. Мөн нар, ус, ногоон ургамал бол амьд биет орших үндэс. Байгалийн, усны тухай бодохгүйгээр дан ганц хөгжлийн тухай ярьж, материаллаг зүйлсийг тэргүүнд тавих нь өрөөсгөл гэдгийг онцолж байсан юм.
2. Халиа тошин үүсэж байгаа шалтгаан нь Ногоон нуурын орчимд барилга байшин барьснаас болж байгаа юм. Энэ нөхцөл байдалд халиа тошины мөсийг Сэлбэ голоос Туул руу зөөж байгаа асуудлыг буруутгаж чадахгүй байгаа. Эрсдэлээс сэргийлэхийн тулд хийж байгаа арга. Үер болж байхад хүмүүсийн машиныг түлхээд л зайлуулдаг шүү дээ. Үүнтэй л адилхан арга хэмжээ болж байгаа учраас.
3. Барилга барихдаа анхнаасаа боломжоо судалж, тооцооллоо хийх хэрэгтэй байна. Улаанбаатарт 1000 орчим км усны шугам байгаа үүнийгээ өргөжүүлж, том болгохгүйгээр барилга бариад байж болохгүй. Бохирын шугам хагараад байгаа нь аргагүй шүү дээ, ачааллыг нь хэтрүүлээд байхаар.
4. Улаанбаатар хотод орон сууцанд болон гэр хороололд амьдарч байгаа иргэдийн усны хэрэглээ харьцангуй байдаг. Гэр хороололд амьдардаг нэг хүний хоногийн усны хэрэглээ 10 литр бол Ус сувгийн удирдах газраас гаргаснаар орон сууцны иргэнийх 110 литр. Үүнийг харьцуулбал 10 дахин их, багын ялгаа гарч байна. Усны асуудалтай тэгш эрхийн тухай асуудал хамт яригддаг.
5. Монгол Улсад дөрвөн төрлийн усны төлбөр байдаг. Ус бохирдуулсны, ус хомсдуулсны, ус ашигласны, усны үйлчилгээний төлбөр. Гэвч ус бохирдуулсны болон ус хомсдуулсны төлбөр одоог хүртэл юу ч байхгүй. Харин ус ашигласны төлбөр сав газрууд тус бүрд өөр байдаг. Литр усанд нэг төгрөг төлж байгаа газар ч бий. Усны суурь үнэ 3000 төгрөг байдаг.
6. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн томоохон мөнх цаснууд эрчимтэй хайлах тооцоо судалгааг олон улсын эрдэмтэд гаргаж, тодорхой он цагуудыг нэрлэж байна. Тухайлбал, 2035, 2050 болон 2080 гэх мэт. Манай Отгонтэнгэр, Их Богд, Сутай зэрэг хайрхан, уулын мөнх цас жил ирэх тутам хайлж байгаа нь харагдаж, мэдэгдэж байна. Отгонтэнгэр хайрханыхаа хайлж буй мөнх цасны усыг азаар “Гэгээн нуур”-т цуглуулж чадаж байна. Яах вэ, хүн төрөлхтөн өөрсдийн цагаараа байгалийн үйл явцыг хэмжээд байдаг. Гэвч бид тооцоо судалгааны үндсэн дээр урьдчилан сэргийлж, хамгаалах нь чухал юм.
7. “Water stress 2040” гээд 2040 он гэхэд дэлхийн улс орнуудад усны нөхцөл байдал, хомсдолыг тооцоолсон зураглал гаргасан байдаг. Үүний “high 40-80%” буюу одоогийн усны хэрэглээний 40-80 хувь нь хомсдох эрсдэлтэй ихтэй гэдэг ангилалд Монгол Улс хамаарч байгаа.
Эх сурвалж: statista.com
8. Монгол Улстай ойролцоо хүн амтай Молдав, Гүрж хоёр улсын усны хэрэглээ нэг жилд 1,5 тэрбум м.куб буюу манайхаас гурав дахин их байна. Энэ нь нэгдүгээрт бид усны хэрэглээгээ тооцож чадахгүй байгааг харуулж байна. Хоёрдугаарт, угаасаа бидний усны хэрэглээ бага байна. Хөгжихгүй буйгийн бас нэг шалтгаан энэ.
9. Монголчууд, нийслэлчүүд усаа зохистой хэрэглэж, хайрлаж, хамгаалахын тухайд
Туул гол дээр усан сан барих
Усны нөөц нэмэгдүүлэхийн тулд газар доорх усны эрэл хайгуулыг хийх
Гадаргын усаа хуримтлуулах
Усны хэрэглээг ухаалаг болгох - дахин ашиглах зэрэг нэн тэргүүнд хийх үйлдэл байна.
10. Унгарт жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр голоо хамгаалъя гэсэн хүмүүс бөөнөөрөө Дунай мөрөн руу үсэрдэг. Усны бохирдол нь өмнөхөөс хамаагүй дээр болж болсон. Учир нь Будапешт болон Вена хотууд маш орчин үеийн том цэвэрлэх байгууламжийг барьж ашиглаад Дунайгийнхаа цэвэршүүлэгч болоод ирсэн. Энэ янзаараа явбал 2040, 2050 он гэхэд Дунайн ус буцаад хүмүүс сэлж болдог, аюулгүй болно.
Сонирхуулахад, өнгөрөгч оны 6-9 дүгээр сард орсон борооны усыг 10,700 орчим байшингийн дээвэр ашиглан хуримтлуулбал нийт 372,000 тн ус буюу Хөвсгөл аймгийн Дүүрэн нуурын усны нөөцтэй тэнцүү хэмжээний ус хуримтлуулна гэдэг тооцооллыг УСУГ-аас гаргажээ.