Нүүдлийн шувуу шиг монголчууд
Эрдэм сурах, амьдралаа өөд татах, ажил хийх, зээлээ төлөх, байртай болох, урьдчилгааг нь ч болов олоод ирэх … олон зорилго, мөрөөдлөө цүнхлээд цөөхөн гэгдэх монголчууд бөөн бөөнөөрөө хил давдаг билээ.
Нисэх буудлын зааланд буй олны сэтгэл баяр, гуниг гэсэн хоёр туйлд хуваагдсан мэт санагдана. Хайртай бүхнээ орхиод зарим нь явж байхад, тэдэн рүүгээ тэмүүлсээр ирж байгаа хүмүүсийг харах сайхан.
Эх орондоо амьдрах жаргалтай ч арга нь барагдсандаа хүний нутгийг зорих хүн олон байгаа нь харамсмаар. Монгол хүн нутагтаа сайхан амьдрахын тулд хүний нутагт борви бохис хийлгүй ажиллах. Хяслантай. “Хүн өрөөлийн нутагт хагас, өөрийн нутагт бүтэн жаргадаг” хэмээн Хөдөлмөрийн баатар яруу найрагч Б.Лхагвасүрэн хэлсэн байдаг. Өнөөдөр эх орондоо бүтэн жаргах цагийг авч ирэхийг хичээж бас хүлээж цөхөрсөн монголчууд нүүдлийн шувуу мэт ирж, буцаж ниссээр л.
Алсыг зорьж буй бүхэн зорилго, мөрөөдөлдөө хүрээд эх орондоо эргэж буугаасай.