Ариус сэтгэл заслын төвийн сэтгэл зүйч Т.Мөнгөнбаяр
- Бага насны эрэгтэй хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар яриагаа эхэлье.
- Cэтгэл зүйн хувьд 0-18 нас хүртэл таван үечлэл бий. Хүний хөгжлийн онолоор 0-3 нас хүртэл тухайн бие хүний хөгжлийн 80 хувь нь төлөвшдөг. 3-7 насны хүүхдэд би яаж хийх вэ эсвэл хийж чадахгүй юу гэх мэт өөртөө итгэх итгэлийн хэм хэмжээ нэмэгдэж байдаг. Тухайн наснаас хойш 18 хүртэл өсвөр үе болно. Энэ үеийн нэг онцлог нь том хүн гэхэд том хүн биш, хүүхэд гэхэд хүүхэд биш үе. Үечлэл болгон дээр эрэгтэй хүүхэд харилцан адилгүй төлөвшиж байдаг. Хүүхэд өөрийнхөө хүйсийн онцлогийг тав болон зургаан насандаа мэддэг. Үүнээс өмнө өөрийгөө эрэгтэй, эмэгтэй гэж тодорхойлохоос илүүтэй хүн буюу ээж, аавынхаа тусгал гэх ойлголттой байдаг. Магадгүй ээжийнхээ нэг хэсэг ч гэж мэдэрдэг. Тэгэхээр хүүхдэд хүйсийн онцлог нь нийгмийн шаардлагуудтай давхар бүрэлдэж байдаг. Эрэгтэй хүүхэд “Би чадалтай юм байна, Би тусгаар бие хүн” гэдгээ илүү мэдэрдэг. Тиймээс эрэгтэй хүүхэд “Би”-гээ эмэгтэй хүүхдээс илүү илэрхийлдэг. Энэ үед нь эрэгтэй хүүхдийн мэдрэмж, “Би”-г нь ойлгож эергээр хандвал өөрийгөө аваад явах чадалтай болж хүмүүждэг. Эсрэгээрээ эргэн тойрныхон нь эрэгтэй хүүхдэдээ “Чи чадахгүй байна, Сул байна” зэрэг мэдрэмжийг суулгачих юм бол тухайн хүүхдэд сул шинж бүрэлдэж эхэлнэ.
-Эрэгтэй хүүхэд өөрийнхөө хүйсийн ялгамжаа мэдэрч, өөртөө итгэлтэй болох үеэ давсны дараа илүү өргөн хүрээнд нийгмийн харилцаанд ордог насан дээрээ ирдэг юм байна. Тэгвэл тэдний сэтгэл зүйн онцлогийн талаар тайлбарлана уу?
- Эрэгтэй хүн хүчтэй байж амьдралаа авч явах ёстой, уйлж болохгүй гэх мэт шаардлагыг нийгмээс байнга шаардаж байдаг. Яг өсвөр насан дээрээ эцэг, эхээсээилүүтэй найз нөхөд дээрээ төвтэй байдаг. Тэдний үнэлэмжид маш их анхаарал хандуулдаг. “Би магадгүй энэ хүүхдээс чадалтай юу, үгүй юу” гэх ойлголт дээр мэдрэмж нь явж байдаг гэсэн үг. Энэ үед нийгмийн байр суурь, өөрийгөө авч явах чадварыг нь сул болгодог зүйл бол гэр бүлийн хүмүүжил. Хүмүүжил муу орчинд өссөн эрэгтэй хүүхдэд хэн нэгнээс хараат болох, өөрийгөө илэрхийлж чадахгүй, өөртөө итгэлгүй байх гэх мэт сул дорой шинж бүрэлдэж байдаг. Эрэгтэй хүнд өөртөө итгэлгүй мэдрэмж давамгайлахаар дотоод будилаан үүсэж эхэлнэ. Улмаар эргэн тойрныхоо хүмүүстэй харилцаж чадахаа больдог. Иймд өсвөр насандаа эрэгтэй хүүхэд нэг бол өөртөө итгэлтэй эсвэл аливаа асуудалд амархан шантардаг гэх хоёр туйлд тодорхойлогдож байдаг. Найз нөхөд бол цэвэр өөрийн үнэлэмжид л нөлөөлдөг.
- Бага насандаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд их эмзэг эсвэл догшин авиртай болдог гэж сонссон энэ үнэн үү?
- Хүүхэд бага насандаа хүчирхийлэлд өртөнө гэдэг насанд хүрсэн хойноо сэтгэцийн эрүүл мэнд, элдэв хорт зуршилд өртөмтгий болох зэрэг маш их хор хөнөөлтэй учраас хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь нэн чухал асуудал юм. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйд насан туршид нь арилахгүй гүнзгий шарх үүсдэг. Хурдан эдгэрэхгүй, насанд хүрсэн хойноо ч дахиж сэдэрдэг.
- Хүмүүс бага насанд үүссэн шархыг дотоод сэтгэл заслын аргаар эдгээж болох уу?
- Бага насны сэтгэл зүйн гэмтэл харилцан адилгүй. Нэг талаараа биеийн шархтай төстэй. Биеийн шарх үүсэнгүүт бидний эд, эсүүд үүнийг эдгээх гэж ажиллаж эхэлдэг. Үүнтэй ижил сэтгэл зүй гэмтчихээрээ өөрийгөө дотроосоо эмчлэх гэж тэмүүлдэг. Магадгүй хэн нэгэнд гомдчих юм бол цаана нь их, бага уучлах мэдрэмж төрж байдаг. Тэгэхээр урт хугацаанд идээлж бээрсэн хавдар шиг сэтгэлийн шархыг яг л мэс заслын аргаар эмчилдэг. Сэтгэлд хуралдсан гомдол, айдас, түгшүүр гэх мэт таагүй мэдрэмжийг чөлөөлснөөр эдгэдэг.
Мэдрэмж нь тэг түвшинд очсон цагт сэтгэлийн шарх эдгэрсэн гэж үздэг. Хожим бага наснаас үүдсэн хар бараан дурсамжаа ярихад сэтгэл эмзэглэж, хүнд, таагүй мэдрэмж мэдрэгдэж байвал сэтгэл зүйгээсээ тус явдлыг бүрэн чөлөөлж чадаагүй байна гэж ойлгож болно.
Мөн сэтгэл зүйн эмгэгтэй, хүнд шархтай хэн нэгнийг эмчил, сэтгэл зүйч дээр оч гэдэг нь улам шархлуулж байдаг уршигтай. Ямар нэг шалтгааны улмаас сэтгэл дотроо хав дарсан байгаа. Иймд сэтгэлийн шархтай, гэмтэлтэй хүний мэдрэмжийг хүндлэх хэрэгтэй.
- Эцэг, эхчүүд эрэгтэй хүүхэдтэйгээ хэрхэн харилцах ёстой вэ?
- Ялангуяа ээжүүд эрэгтэй хүүхдийнхээ онцлогийг сайтар ойлгох хэрэгтэй. Учир нь эрэгтэй хүүхэд гэр бүлийн гишүүдээс хамгийн түрүүнд ээжтэйгээ ээнэгшлийг тогтоодог. Энэ утгаараа ээжтэйгээ дүйцүүлж эхнэрээ сонгодог. Тэгэхээр нэгдүгээрт бие даасан байдлыг нь дэмжих хэрэгтэй. Ямар ч асуудал тулгарсан урдуур нь орж шийдэхгүйгээр хүүдээ бие дааж асуудлаа шийдэх орон зайг өгч, анхааралтай ажиглах хэрэгтэй. Хэрэв хүүхэд анх удаа асуудлаа даван туулах гэж хичээж байгаа бол алдана, ононо, буруудна. Тэр болгонд буруутгалгүй дэмжиж байна шүү чамайг гэх мэдрэмжийг төрүүлэх нь зүйтэй.
Эрэгтэй хүүхэд нь асуудлаа шийдэж чадахгүй байгааг харах эцэг, эхчүүдэд хүнд байдаг. Үүнээс үүдэж стрессдэж хүүхдийнхээ урдуур орж ажлыг нь хийж, асуудлыг нь шийдэж, дасан зохицох чадварыг нь шууд алдагдуулдаг. Нэг үгээр суралцах процессыг нь боомилж байгаа юм. Мөн эцэг, эхчүүд эрэгтэй хүүхдэдээ яаж хийхийг нь заагаагүй байж яагаад хийгээгүй юм бэ гэх асуултыг байнга тавьж байдаг.
Энэ нь мөн адилхан. Дасан зохицох чадваргүй эрэгтэй хүүхэд ирээдүйд нийгэмд өөрийгөө оновчтой илэрхийлж чаддаггүй. Мөн байгалиас заяагдмал даван туулах чадваруудаа ашиглаж чаддаггүй, доожоогүй нэгэн болж төлөвшдөг.
-Гэхдээ та сая өв тэгш гэр бүлийн харилцааны талаар ярилаа шүү дээ. Гэтэл аав, ээжийнхээ аль нэгэн дээр өссөн хүүхдүүд цөөнгүй байдаг. Ийм орчинд өссөн эрэгтэй хүүхдийн сэтгэл зүй ямар онцлогтой байдаг юм бэ?
-Амьдралын янз бүрийн ялгаанаас үүдэж зарим хүүхэд ээжтэйгээ эсвэл аавтайгаа амьдардаг. Аавтайгаа амьдардаг эрэгтэй хүүхэд аливаа асуудлыг даван туулахдаа шийдэмгий, хүчтэй байдаг. Нэг ёсондоо тэдэнд эрэгтэй хүний байгалиас заяагдмал мөн нийгмээс хүсэмжилдэг бүх чадварзонхилдог. Гэвч эмэгтэй хүнтэй харилцах, мэдрэмжээрээ бусадтай ойлголцох, бусдыг сонсох гэх мэт зөөлөн чадвар алдагдах шинжтэй байдаг. Иймд хэт ширүүн, зарим тохиолдолд хэт зөрүүд шинж давамгайлсан нь ажиглагддаг. Харин зөвхөн ээжтэйгээ өссөн эрэгтэй хүүхэд амьдралыг даван туулах шийдэмгий зоримог, өөртөө итгэлтэй байдал нь сул байдаг. Хэт уян, мэдрэмтгий, бусдыг чухалчилдаг, өөрийгөө гэхээсээ илүүтэй бусдыгаа өмнүүрээ оруулдаг зэрэг чанартай, зөөлөн болж өсдөг. Энэ байдал нь цагдаа, хүчний байгууллагад ажилд ороход шууд утгаараа гологддог. Хүнтэй харилцахад бол асуудалгүй хэр нь амьдралын нарийн, чухал шийдвэр гаргах үед эргэлзэж хойш суух хандлагатай байдаг.
- Насанд хүрсэн эрчүүдэд уулзаад ярилцах газар байдаггүй шүү дээ. Ихэвчлэн согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад яриа дэлгэж суудаг. Энэ нь ярилцах хэрэгцээгээ хангаж буй оновчтой арга мөн үү?
- Манай нийгэмд түгээмэл байдаг үзэгдэл. Үүний мөн чанар нь юу гэвэл эрэгтэй хүн хүчтэй байх ёстой гэх эрт үеийн сэтгэлгээтэй шууд холбогдож байгаа юм. “Homosapien” үеэр төсөөлөхөд эрчүүд хүнс тэжээлийн төлөөх тэмцэлд гарч, эмэгтэйчүүд үр хүүхдээ асарч үлддэг. Тэд ан гөрөөгөө агнахын тулд дуу чимээ бага гаргах, тайван байх гэж төвлөрөх шаардлагатай болдог. Нэг ёсондоо олзоо агнана гэсэн ганцхан зүйлд маш гүн төвлөрч энергиэ нөөцөлдөг. Эмэгтэйчүүд физиологи болон тархины түвшинд ярилцаад сурчихсан хүмүүс байдаг. Харин эрчүүд аливаа асуудлыг шийдэхдээ өөрийгөө тусгаарлаж, түүндээ гүн төвлөрч, бодож байж шийддэг, ярилцдаг. Яг л сая дурдсанчлан эрт үед ан гөрөө хийж буйтай адил.
Сонирхолтой нь одоо үед хүртэл энэхүү инстинкт эрчүүдийн физиологид байж байдаг. Хэрхэн илэрч байна вэ? гэвэл ярианы процесс нь эрчүүдийг ядрааж байдаг. Тэгэхээр тэдний хувьд товч, тодорхой цэвэр логиктүвшинд ярих нь амар байдаг.
Нөгөө талаараа эрэгтэй хүнд бусдын дор орохгүй гэх бардамнал байдаг учир бусад хүнд шууд мэдрэмж, зовлонгоо ярьж чаддаггүй. Удаан хугацаанд хадгалагдаж буй мэдрэмжүүдээ чөлөөлөх гэж төөрөлдөж явахад архи уух гэдэг арга нь хамгийн зөв юм байна гэж боддог. Согтууруулах ундаа хэрэглэх үед булчин суларна, сэтгэл онгойно, тайвширна, хоолой дээр тээглээд байсан мэдрэмжүүд чөлөөлөгдөж байдаг.
- Мэдрэмж чөлөөлөгдөж байгаа гээд энэ аргыг хэрэглээд байж болно гэсэн үг үү?
- Мэдээж энэ бол оновчгүй арга. Хүн өөрийнхөө таагүй мэдрэмжийг яаж оновчтойгоор тайлж болох вэ гэх боловсролд суралцах хэрэгтэй. Дотор хуралдаж буй мэдрэмжүүдээ сайн найз, хайртай хүн, сэтгэл зүйч гэх мэт олон хүнд ярьж болно. Асуудлыг шийдэх мянган гарц байхад хамгийн хялбар, оновчгүй арга хэрэглэх гээд байдаг. Сонирхлын бүлгэм, спорт, өөрийг нь ойлгодог найзууд, баг хамт олон, дуртай хобби зэрэг ярилцахаас өөр олон хэлбэрээр таагүй мэдрэмжээ чөлөөлж болно.
- Эрчүүд маш товч тодорхой яриа өрнүүлэх дуртай шүү дээ. Тэгвэл ямар хүний дэргэд нээлттэй байж ярилцаж, сэтгэлээ уудалж чаддаг юм бэ?
- Мөн чанарын хувьд эмэгтэй хүмүүсийн хэл яриа, ой тогтоолтыг шийддэг булчирхайн хэмжээ эрчүүдийнхээс том байдаг. Эсрэгээрээ эрчүүдийн логик чадвар өндөр. Тэд ямар нэг зүйлийн талаар ярихдаа логик дэс дараатай, уялдаа холбоотой ярих гээд байдаг. Гэтэл сэтгэл гэдэг эрхтэн логикт захирагддаггүй. Энэ утгаараа эрэгтэй хүн, эрэгтэй хүндээ мэдрэмжээ чөлөөлж ярилцах гэхээр өөдөөс нь логиктой хариултууд хэлдэг. Харин эмэгтэй хүн логик биш мэдрэмжид төвлөрч ярилцдаг онцлогтой. Мэдрэмж гэдэг зүйлд логик байдаггүй.
- Уйлахыг хэрэгцээ гэдэг. Гэтэл яагаад эрэгтэй хүн сэтгэлээ онгойтол уйлж чаддаггүй юм бол?
- Энэ нь тэдний бардамналтай шууд холбоотой. Хэдийгээр мэдрэмж нь чөлөөлөгдөх ч гэсэн сул дорой байдлаа харуулах вий гэх болгоомжлолыг давхар бодож байдаг. Мэдээж уйлна. Гэхдээ тэр мэдрэмжээ ямар нэг байдлаар байнга дотроо хадгалж байдаг. Өнөөгийн нийгэмд эрэгтэй хүн уйлах эрхтэй, уйлж болно гэж ярих болсон. Энэ нь нэг талаараа маш оновчтой. Яагаад гэвэл орчин үеийн нийгэмд эрэгтэй хүн уйлдаггүй гэдэг нь сөрөг нөлөөтэй болж хувирсан.Үүнийг ч ойлгодог боллоо. Гол нь тэдэнд өөрийнхөөрөө байх, мэдрэмжээ гаргах, уйлах чөлөөт орон зайг бүрдүүлж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй байна.
- Тэгэхээр эрэгтэй хүн бардам зангаасаа болж өөртөө хаалт босгодог гэж ойлгож болох уу?
- Сэтгэл зүй сэтгэцийн хувьд өөрийн гэсэн үнэт зүйлээ хамгаалах, бусдын өмнө чадалтай байх гэдэг хүсэл, чармайлт ямар ч эрэгтэй хүний дотор байж байдаг. Ямар ч эр хүн олон дунд байх үедээ ухамсаргүйгээр тэднийг хамгаалах инстинкттэй байдаг.
- Манай нийгэм ихэнхдээ эрчүүдийг хүчирхийлэгч гэсэн өнцгөөс ханддаг. Гэтэл эрэгтэй хүн ч хүчирхийлэлд өртдөг. Энэ талаар та юу гэж бодож байна?
- Бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн гэсэн дөрвөн төрлийн хүчирхийллийн хэлбэр бий. Хүчирхийлэлд хүйс ямар ч хамаагүй. Хүчирхийлэлд хүйсийн ялгамжтай байдлаар хандаж буй нь цэвэр нийгмийн харах өнцөгт тулгуурласан явдал юм. Эрчүүд үгэн хүчирхийлэлд хамгийн их өртдөг. Эмэгтэй хүн, нийгэм эрчүүдийг шүүмжлэх, дайрах тэр бүү хэл огт ярилцахгүй байх нь хүртэл энэ төрлийн хүчирхийлэлд багтаж байдаг. Хүчирхийлэлд өртсөн эрчүүд сэтгэл зүйн таагүй байдалд ордог. Гол нь эрчүүд хүчирхийллээс өөрийгөө оновчтойгоор хамгаалж байна уу, оновчгүй юу гэдэг асуудал. Оновчгүйгээр хамгаална гэдэг нь нэг ёсондоо хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэж ойлгож болно. Оновчтойгоор үгэн хүчирхийллээс ангижрах арга нь буулт хийх, сонсох, тайван байх, асуудлын зөв гарцыг эрэх гэх мэт арга бий.
- Танай сэтгэл заслын төвд эрэгтэй хүмүүс тогтмол үйлчлүүлж, сэтгэл зүйн зөвлөгөө авдаг уу?
- Манай төвд жилдээ 600-700 гаруй хүн сэтгэл зүйн эмчилгээ болон зөвлөгөөнд хамрагддаг. Тэдгээрийн 20-24 хувь нь эрчүүд байдаг.
- Зөвлөгөө авахаар ирсэн эрчүүдэд ямар асуудалзонхилдогвэ?
- Эрчүүд ихэвчлэн дасан зохицох чадвар алдагдсан болон нойрны асуудлаар зөвлөгөө авах гэж ирдэг. Мөн эрэгтэй хүн сэтгэц физиологийн талаасаа донтолтод амархан өртөх эрсдэлтэй байдаг. Иймдээ ч сүүлийн үед дэлгэрээд буй цахим мөрийтэй тоглоомд донтсон эрчүүд ирдэг болсон.
- Мөрийтэй тоглоомоос хожих мэдрэмж нь сайхан болохоор донтоод байна уу?. Эсвэл хурдан баяжих гэсэн нийгмийн шаардлагаас үүдэж байна уу?
- Мөнгө хожиж байгаа нь өөртөө итгэх итгэлийг нь нэмж байдаг. Мөн нийгмийн амьдарлаас шалтгаалж байна. Монголд насаараа ажил хийгээд баяжихгүй учир хялбар аргаар их хэмжээний мөнгөтэй болох гэдэг хүсэл, хэрэгцээгээ хангах гэж эхлээд, донтож байна. Нэг ёсондоо ганц дэвэлтээр оргилд хүрэх гэж хичээдэг. Гэтэл үүний цаана асар их аюул хүлээж буйг огт ойлгодоггүй. Донтохоос хамгаалах мэдлэг бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх вакцин.
- Эрэгтэй хүмүүс сэтгэл зүйгээ эрүүл байлгахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Эрчүүд нийгэм, гэр бүлийнхээ өмнө маш их хариуцлага хүлээдэг. Гэр бүлээ тэжээх, сайн ажил алба хаших, зовлонг давах ёстой гээд олон хуульчлагдаагүй үүрэгтэй. Гэхдээ эр хүн та заримдаа уйлж, шантарчдийлэхгүй байна гэдгээ хэлэх эрхтэй. Чадахгүй зүйлээ үгүй гэж хэлж болно. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж сурах нь сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах хамгийн том алхам. Хэрэв сэтгэл хөдлөлөө илэрхийлмээр байвч гаргаж чадахгүй бол мэргэжлийн эмчээс тусламж хүсээрэй гэж зөвлөх байна.
Ярилцсанд баярлалаа.