Эх сурвалж: NHK
Японы нийтийн тээврийн салбар ажиллах хүчний хомсдолд орж байна. Гадаад орнуудаас ажиллах хүч татаж байгаа ч ажлын ачааллаас болж жолоочоор ажиллах хүн олдохгүй байгааг тус улсын Тээврийн сайд өөрийн твиттер хуудастаа жиргэжээ. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн аравдугаар сараас нийслэл Токио хотноо жолоочгүй автобусыг туршилтаар явуулж эхэлсэн. Туршилт амжилттай дууссан тул ирэх долоо хоногоос уг автобусыг хэвийн горимоор явуулахаар болсон талаар NHK агентлаг мэдээллээ.
Аюулгүй байдлын үүднээс автобусанд 18-аас дээш зорчигч тээвэрлэхгүй бөгөөд жолоочгүй автобусаар зорчихын тулд эхлээд цахимаар захиалга өгөх хэрэгтэй юм байна. Ажлын өдрүүдэд Токиогийн хамгийн их ачаалалтай Шинжикү буудлын баруун хаалганаас хөдөлж, хотын захиргаа хүрч, Шинжикү буудал руу буцах маршрутаар 10:00-16:00 цагийн хооронд явахаар төлөвлөжээ.
Зам тээврийн ослоос сэргийлж жолоочгүй автобусны дээд хурд 50 км/цаг байхаар тогтсон байна. Автомат жолоодлоготой автобус хөдөлгөөнд оролцох үед түгжрэл болон автомашины зорчих хэсэгт саад учруулж байгаа эсэхийг тодруулах ажлын хэсэг ажиллаж, жолооч, иргэдээс санал авч эхэлжээ. Мөн иргэдийн санал дээр үндэслэн ирэх оноос Токиогоос өөр хотод жолоочгүй автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх эсэхийг шийдэх юм.