03 сарын 14, 2024
Өнөөдрөөс ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ
Өнөөдрөөс ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

Одоогоор 10 аймгийн 37 сум мөсөн буюу төмөр зудын, 16 аймгийн 130 сум цагаан зудын, 14 аймгийн 49 сум, нийслэлийн 4 дүүрэг цагаанаар зудархуу байна.

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Оройдоо нойтон цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-12 градус, бусад хэсгээр -5...-7 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.

Урьдчилсан төлөв: 03 дугаар сарын 16-наас 03 дугаар сарын 20-нийг хүртэл

16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч: Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна. Харин энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар дулаарна.