Хүн баяруулна гэдэг магадгүй өөрөө баярлахаас ч илүү нэг тийм гоё мэдрэмж өгдөг зүйл.
Зам тавьж өгөхөөр “инээмсэглэл” тодруулж, аваарын гэрлээ асааж талархлаа илэрхийлдэг инээмтгий машины жолооч нарт энэ зурвасыг илгээж байна.
Хүн баяруулна гэдэг магадгүй өөрөө баярлахаас ч илүү нэг тийм гоё мэдрэмж өгдөг зүйл. Тэртусмаа их хотын түгжрэл дунд хэн нэгэн танихгүй жолоочийн машин өөдөөс чинь “инээмсэглэл” тодруулна гэдэг сайхан биш гэж үү. Энэ инээд, энэ талархал, энэ хандлага л энэ хотыг өөрчилнө.
Би ч гэсэн ийм “инээмсэглэл”-д дуртай. Дохиогоо өгөөд урдуур орох эсвэл эгнээ байраа солих гэсэн хэн нэгэнд зам тавьж өгөхөд ганцхан хором болно. Миний өөдөөс инээмсэглэл тодруулчихаад явж одох тэр машины жолооч дараа дахиад хэн нэгэнд зам тавьж өгнө. Өөрчлөлт ингэж эхэлдэг. Энэ өөрчлөлтийн давалгаа Улаанбаатарт аль хэдийн эхэлчихсэн, эерэг хандлага түгээж “инээмсэглэл” түгээж явдаг жолооч нарын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Гэхдээ инээдэггүй, уурладаг нь ч бас олон. Дохиогоо өгөхгүй хошуугаа шургуулна, дайрна. Урдуураа оруулахгүй бол дуут дохиогоороо загнана. Зам тавьж өглөө ч баяр талархал, “инээмсэглэл” байхгүй. Дараагийн машины урд яаж гарах вэ гэсэн шиг түгжрэл дунд бас нэгэн “түгжрэл” үүсгэж явдаг хүмүүс бидэнтэй өдөр бүр зам дээр таардаг.
Их хотын түгжрэл дунд бүгд хаа нэг тийшээ яарч яваа ч, уур бухимал, дуут дохио газар хорооход тус болохгүй. Харин бие биенээ хүндэтгэж, хүлээцтэй хандаж, эерэг хандлагаар “инээмсэглэл” тодруулж явбал энэ нийгмийн олон асуудлыг шийдэхэд гэрэл гэгээ нь болох юм шүү.
Зам тавьж өгөхөөр “инээмсэглэл” тодруулж, аваарын гэрлээ асааж талархлаа илэрхийлдэг инээмтгий машины жолооч нар бол харанхуй хонгилд гэрэл асаагчид юм. Тэд өдрөөс өдөрт илүү олуулаа болж, энэ нийгмийг бүхэлд нь гэрэлтүүлэх нэг хүч болох нь эргэлзээгүй.