03 сарын 13, 2024
Үерт өртөх эрсдэлтэй айлууд нүүхгүй гэв
 Үерт өртөх эрсдэлтэй айлууд нүүхгүй гэв

Нийслэлийн төвийн  дүүргүүдийн хэмжээнд 1339 айл халиа тошинд өртөх эрсдэлтэй байна.

Нийслэлд хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн  дүүргүүдийн хэмжээнд 1339 айл халиа тошинд өртөх эрсдэлтэй байна. Одоогоор халиа тошинд өртсөн 219 нэгж талбар байгаа бөгөөд долоон айл зөвшөөрөлгүй газар оршин сууж байгаа аж. Мэргэжилтнүүд иргэд нийслэлээс зөвшөөрөлгүй газар буух эрхийг олгодог гэх ташаа ойлголттой байдаг. Гэвч усны ундарга хаанаас, хэзээ ч гарах боломжтой гэдгийг онцлов.  Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас давхардсан тоогоор 1277 ширхэг шаардах хуудсыг халиа тошинд өртөх эрсдэлтэй айлуудад хүргүүлжээ. Гэвч тус 1339 айлаас 60 гаруй айл “нөхөн олговор олговол нүүнэ” гэсэн бөгөөд бусад айлууд нүүхгүй гэх байр суурьтай байгаа аж. 

Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, үерт автах эрсдэл бүхий гол, сайр, жалга судгийн дагуу суурьшин, гэр хорооллыг тэлж, үерийн эрсдэлд өртөх байдлыг нэмэгдүүлж байна. Нийслэлийн халиа тошин, шар усны үерийн  нөхцөл байдлын үнэлгээг тооцоход нийт 3947 объект өртөхөөр байна гэсэн тооцоо гарчээ.