Нийслэлчүүд жилийн дөрвөн улирал дээрээ намар, өвөл, хаврыг дамнасан “утааны улирал” тай болсон. Ялангуяа өвөл утаа бидний эрүүл мэнд, сэтгэл санаанд заналхийлээд удаж буй. Намрын сэрүүн орохтой зэрэгцээд л ханиалгаж, нус гоожих хүүхдүүд өвөлжингөө антибиотик угсруулан ууж, эмнэлэг бараадах нь ч хэвийн л үзэгдэл болчхож ээ. Бидний хүүхдүүд утааны улиралд эрүүл мэндээрээ хохирч, бид ч дагаад сэтгэл зүйгээрээ маш их гэмтэж байна. Гэлээ гээд яалтай. Утаа арилахгүй, хүүхдүүд ханиад хүрсэн, хатгаа болсон хэвээр л. Эмгэнэлтэй ч юм даа. Сэтгэл зүйн бичвэр, зөвлөгөөнүүд орох энэхүү булангийнхаа уншигч ээжүүддээ хандан хүүхдийнхээ ханиах чимээг сонсоод зүрх зүсэх шиг мэдрэмж авч буй ээжийн зүгээс бичиж байна.
...Өнгөрсөн шөнө хоёр цагт ханиалгах чимээгээр сэрлээ. Хажуу өрөөнд унтах охины минь ханиалгах. Үгүй байлгүй дээ. Антибиотик эмчилгээ нь гуравхан хоногийн өмнө дууссан шүү дээ. Хэсэг чагнаж хэвтлээ. Зогссонгүй. Дахиад л ханиад эхэлж байгаа нь тодорхой боллоо. Энэ мэдрэмжийг ээж бүхэн маш сайн ойлгож байгаа байх. Ахиад л ханиалга, дахиад л эм ууна. Хүндрэх магадлал өндөр, ойрхон антибиотик уучихсан байдаг, маргаашийн ажлаа яах вэ? Сургуульд нь явуулах уу яах вэ? гээд л. Энэ бүгд бидний сэтгэл зүйд санаа зовнил, сөрөг бодол, сэтгэл зүйн тогтворгүй байдлыг авчирдаг.
Мэдээж ээж стресс бухимдал ихтэй байгаад л байвал гэр бүлийн уур амьсгал тэр чигтээ бухимдалтай болно шүү дээ. Тиймээс бид хүүхдүүдээ асарч, тойглохын хажуугаар өөрсдийнхөө сэтгэл зүйд анхаарах нь зайлшгүй юм.
Бид бухимдаад утаа арилахгүй, уурлаад ханиад багасахгүй. Тиймээс сургууль, цэцэрлэгт явж нийгмийн харилцаанд орж байгаа нь үнэн, утаатай агаараар амьсгалж байгаа нь ч харамсалтай нь үнэн тул ханиад, хатгаа болох нь тодорхой. Энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрчихвөл дараа дараагийн ханиад, хатгаанд сэтгэл зүй тодорхой хэмжээнд бэлтгэгдэнэ.
Хүүхэд халуурч, бүлээрч, ханиалгах үед шөнөжингөө нойргүй хонох үе цөөнгүй. Гэхдээ хажууд нь нойргүй байлаа гээд эдгэчих зүйл биш учраас халуун буулгах эмээ өгөөд, халуун нь буусан үед дагаад л унтаарай. Хүүхдэдээ халуун бүлээн шингэнийг нь өгөхдөө өөрөө ч бас маш сайн уугаарай. Д витаминыг нь өдөр бүр марталгүй өгөхдөө өөрийнхийгөө ч бас уухаа мартуузай.
Өөр дээрээ болон өрөөл бусдаас анзаарсан зүйл бол сэтгэл санааны тогтворгүй байдалтай үед саар мэдээ, мэдээлэл их үзэж, унших нь байдлыг бодитоор улам л дордуулж байдаг. Манай нийгэмд өдөр бүр л саар, муу зүйлс дуулдах боллоо. Ядаж хүүхэд өвдсөн, өөрөө ядарсан үедээ цахим хэрэглээгээ бага зэрэг хязгаарлахыг бодоорой.
Сэтгэл зүй бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, бухимдал ихтэй байгаад байвал нөхцөл байдлаа арай өөр өнцгөөр харах гэж оролдох. Жишээ нь: Хүүхэд нь хатгаа болох гэж байгаа ч эмч гэрээр эмчилж болохоор байна гэж үзээд хичээл, сургуулиасаа чөлөө аваад гэртээ байгаа тохиолдолд “Эмнэлэгт хэвтэж ч магадгүй байсан, ор хүрэлцээгүй, цагийн тариатай, тухгүй орчинд эмчилгээ хийлгэж ч магадгүй байсан. Тийм байтал эм уугаад гэртээ байгаа нь сайн хэрэг шүү дээ гэж тайвшрах
Эсвэл хүүхдээ эмнэлэгт авч хэвтэх гээд ажлаасаа чөлөө авсан бол чөлөө ч өгдөггүй ажил, удирдлагууд бас байдгийг санаарай. Одоогийн нөхцөл байдлаа өөрөөр эргэж ч магадгүй байсан гэж бодоод үзэхээр сэтгэл санаа хамаагүй дээрдэх болно.
Би л ажил, ажил гэсээр хүүхдээ хайхарсангүй, би л цагаа зохицуулж чадалгүй хүүхдээ ядраачихлаа, би л гадуур авч гараад өвтгөчихлөө. ... Ингээд байвал өөрийгөө буруутгах шалтгаанууд дуусахгүй. Чи ажлаа хийж, мөнгө олж байгаа учраас хүүхдийнхээ хэрэгцээг хангаж байгаа, чи завгүй ажиллаж, шаргуу хөдөлмөрлөж байгаа учраас хүүхэд чинь биеэ сайн дааж байгаа, хүүхэд ээж, аавтайгаа гадуур явсандаа баяртай, хөгжилтэй байсан. Тиймээс хүүхэд өвдөх үед өөрийгөө буруутгах хэрэггүй, өөрийгөө буруутгасан ганц бодлоос мянган сөрөг мэдрэмж урган гарах болно.
Улаанбаатарын хүнд хэцүү нөхцөлд хүүхдүүдээ өсгөж байгаа ээж нар минь сэтгэл зүйн эрүүл мэнддээ бага ч болов анхаарч, анзаарч байгаарай.
Дараа, дараагийн бичвэрээр уулзацгаая.