03 сарын 12, 2024
Хиймэл оюун ухааны технологийг сонгуульд ашиглаж болно
Хиймэл оюун ухааны технологийг сонгуульд ашиглаж болно

“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубын ээлжит уулзалт. /2024.03.12/

“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубын ээлжит уулзалт өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд болж, сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах ажлын явц болон сурталчилгаа явуулах, нэвтрүүлэх, түүнд хяналт тавих, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах талаар холбогдох албан тушаалтнууд сэтгүүлч, судлаачдад мэдээлэл өгч, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ товч мэдээлэл өгсөн юм. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Мэдээллийн технологийн төвийн захирал Л.Лхамжав нар сэтгүүлчдийн асуултын дагуу холбогдох мэдээлэл өглөө.

Одоогоор Сонгуулийн ерөнхий хорооны долоон баг 21 аймаг, есөн дүүрэгт бэлтгэл ажил ханган ажиллаж байна. Арваад хоногийн дараа үндсэн бэлтгэл ажил дуусч, 2189 сонгуулийн хэсэгт ажиллах хүмүүсийн нэрс тодорхой болох юм. Энэ үед Сонгуулийн ерөнхий хорооноос шат дараатай сургалт зохион байгуулж, бэлтгэл ажлыг бүрэн хангуулахаар зорьж байна гэв.

22-2048x1344  

Дараа нь “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”, “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын онцлох зохицуулалт, анхаарах асуудлын талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга Э.Золбаяр, ахлах мэргэжилтэн П.Золбоо нар танилцуулсан.

Хуулийн дагуу нэр дэвшигч өөрийн албан ёсны цахим хуудсаа бүртгүүлснээр сонгуулийн сурталчилгаа явуулах боломжтой болно. Мөн Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлсэн цахим сайтууд  сурталчилгаа явуулах боломжтой. Ингэхдээ холбогдох дүрэм журам, хуулийн заалтын зөрчихгүйгээр үйл ажиллагаа явуулна. Хэрэв зөрчсөн гэдэг нь тогтоогдвол сонгууль дуусах хүртэл холбогдох хуулийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн хаах, хязгаарлах арга хэмжээ авна гэдгийг онцолж байна. Харин зөрчлийн тухай мэдсэн даруйд залруулсан тохиолдолд хаахгүй гэдгийг хэллээ.

Энэ удаагийн сонгуулийн журамд нэмэгдсэн нэг онцлох заалт нь хиймэл оюун ухааны технологи. Энэ технологийг сонгуулийн үйл ажиллагаа, сурталчилгаанд ашиглаж болно. Гэхдээ заавал “Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн” гэдэг таних тэмдэг байршуулах юм байна. Таних тэмдгийг сонгогчдод тодорхой харагдахаар байршуулахын зэрэгцээ хиймэл оюун ашиглаж бүтээсэн контент нь хэн нэгний нэр төрд халдаж, гүтгэн доромжлох байдлаар хууль зөрчсөн агуулгатай байж болохгүй.

33-2048x1152 

Иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс хамтран ажиллаж байна. Иймээс өнөөдрийн уулзалтын үеэр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо, анхаарах асуудлын талаар Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал мэдээлэл өгсөн юм.

Уулзалтын төгсгөлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, цахим орчинд сурталчилгаа явуулах болон гадаадад суугаа, байнга оршин суух хаягаасаа өөр газарт ажиллаж байгаа иргэдийн санал авах зохицуулалтын талаар сэтгүүлчид холбогдох албан тушаалтнуудаас тодруулж, хэлэлцүүлэг өрнүүлснээр 70 гаруй сэтгүүлч оролцсон “Сонгуулийн боловсрол” клубын энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.