03 сарын 12, 2024
Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй зургаан албан тушаалтныг шалгана
Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй зургаан албан тушаалтныг шалгана

Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй зургаан албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв.

Авлигатай тэмцэх газрын төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 48 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна. Шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг худал мэдүүлсэн, улмаар гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа орон сууц, авто тээврийн хэрэгсэл, газрыг худалдан авсан эх үүсвэр нь үндэслэлгүй буюу өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хууль ёсны орлогоор бий болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нийтийн албан тушаалтны цалин, хөлсний орлогоосоо давсан үл хөдлөх хөрөнгө шинээр нэмэгдсэн, улмаар хамаарал бүхий этгээдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан буюу “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр нэр бүхий зургаан албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Мөн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ сарын 4-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 477 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 212 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 265 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож Увс аймгийн төрийн байгууллагын нэр бүхий хоёр албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажилласан байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар