БНХАУ-ын иргэн Я нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 878.530.154 төгрөгийг нөхөн төлжээ.
Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Я-д холбогдох Эрүүгийн хуулийн 18.14 дүгээр зүйлийн 1 /Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх/-д хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.
Тодруулбал, БНХАУ-ын иргэн Я нь нэр бүхий компаниудын удирдах албан тушаал хашиж байх хугацаандаа 878.530.154 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Я нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 878.530.154 төгрөгийг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байна.
Шүүхээс хэргийг энэ оны 2-р сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, БНХАУ-ын иргэн Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор худал мэдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.