Түгээмэл хөгжил төвийн зохицуулагч Г.Эрдэнэзул, хувийн архиваас ашиглав.
“Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн зохицуулагч Г.Эрдэнэзултай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрахад чухал үүрэг, нөлөө үзүүлдэг хувийн туслах үйлчилгээний талаар ярилцлаа.
- Хувийн туслах үйлчилгээг олон жил ярьсаар ирсэн. Харин өнгөрөгч оноос төсөв зардал нь хуульд багтаж тодорхой болж. Энэ тухай мэдээлэл өгвөл?
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 2016 онд батлагдсан. Тэр хуульд бие даан амьдрах буюу хувийн туслахын үйлчилгээ орсон боловч хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй, төсөв мөнгөгүй явсаар байгаад 2023 оны зургаадугаар сар хүрсэн. Харин тэр цагаас хувийн туслах үйлчилгээг хэрэгжүүлэх зардлыг Хөдөлмөр эрхлэлтийн сангаас гаргахаар болсон. Энэ нь “халамжаас хөдөлмөрт” гэдэг уриалгыг хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилготой. Ажил хийж нийгмийн даатгал төлж байгаа иргэд л хувийн туслах үйлчилгээ авах эрхтэй гэсэн үг. Одоогоор гэртээ асаргаанд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувийн туслах авах зардал шийдэгдээгүй байна.
- Хувийн туслахуудыг хэрхэн бэлтгэж байна вэ?
- Манай байгууллагаас хувийн туслах бэлтгэх онол, практик хосолсон сургалт хийдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах, тэргэнцэртэй хүнийг шатаар буулгах, орноос тэрэг рүү шилжүүлэх, машинд суулгах, өргөж буулгахдаа яах вэ гэдгийг практик дээр заана. Мөн хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгодог. Хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй, тэргэнцэртэй, хүзүү нугасны гээд бэрхшээлийн онцлогийн талаар сургалтаар орно. Мэдээж, сургалтаа дуусгасан хүмүүсээ дагалдан хийлгэнэ.
Өөр, өөр төрлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамт ажиллаж, дадлага хийгээд “би энэ ажлыг хийж чадах юм байна” гэсэн үедээ хувийн туслахын ажилдаа гарч эхэлдэг.
- Ямар ажил, мэргэжлийн хүмүүс хувийн туслахаар ажиллах сонирхолтой байдаг вэ. Энэ хугацаанд хэд орчим хүнийг бэлтгэсэн бол?
- Голдуу нийгмийн ажилтан, сэргээн засах гээд эрүүл мэндийн салбарын оюутнууд дадлага хийх явцдаа ирдэг. Бас найзуудаасаа сонсоод ирэх нь ч бий. Өнгөрсөн жил гэхэд 200 гаруй хүнд сургалт орж, тэдний 50 гаруй нь үлдэж хувийн туслахаар ажилласан байна. Яах вэ, сургалтад яваад, ажиллаж үзсэний дараа болих нь бий. Одоогийн байдлаар эрэгтэй, эмэгтэй нийт 30 гаруй оюутан ажиллаж байна. 2010 оноос хойш нэг жилд 200-250 хүнд хувийн туслахын сургалтыг явуулсан гэж бодвол нэлээн их тоо гарна.
- “Өвсний үндэс” төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад сургаж байгаа юм байна. Ямар хугацаанд үргэлжилж, хэдэн хүнд нөлөөлөх вэ?
- Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдрах, хувийн туслах үйлчилгээ бол монголын нийгэмд хүн бүр мэдэхгүй, танигдаагүй шинэ зүйл. Бие даан амьдрах гэж юу гээд байгаа юм бэ, хувийн туслах гэж хэн юм бэ гэж гайхаж, ажил гэдэг талаас нь ойлгохгүй байгаа л даа. Уг нь бид байгуулагдсан цагаасаа хойш л яриад яваад байгаа юм. Япон улсын Өвсний үндэс төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бие даан амьдрахад сургах үйл ажиллагаа 2023 оны 12 дугаар сараас эхэлсэн, гурван жилийн хугацаатай.
Тодруулбал, нэг жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 20 залуу хүнийг сонгож аваад 14 хоногийн хугацаатай бие даалгаж амьдруулах, хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөх сургалтыг орж, тухайн хүнийг олон хүнтэй уулзуулж, нийтийн үйлчилгээний газраар явуулах, аль болох нийгэмд гаргах талаас нь хөтөлбөр боловсруулаад хэрэгжүүлж байна. Цаашдаа ажил хийж болох юм байна, хувийн туслахын тусламжтайгаар нийгмийн амьдралд оролцох боломжтой гэдэг сэдэл өгөх зорилготой төсөл. Гурван жилийн хугацаанд 60 хүнийг бие даан амьдрахад сургана гэсэн үг. Тэдгээр хүний ар гэр, найз нөхөд гээд олон хүнд эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж харж байгаа юм.
Г.Эрдэнэзул: Хандлага гэж өчүүхэн ч асар том ялгааг үүсгэдэг.
- Эхний хүмүүс бие даан амьдрахад суралцаад эхэлсэн юм байна. Хувийн туслахууд хамтран ажиллаж байгаа гэсэн үг биз дээ?
- Эхэлсэн. Эхний ээлжийн эрэгтэй, эмэгтэй хоёр оролцогч ирээд бие даан амьдрахад суралцаад явж байна. Төсөлд хамрагдах хүмүүсээ нээлттэй сонгон шалгаруулсан. Зараа хүртээмжтэй явуулж, бүртгүүлсэн хүмүүсээс сонгон шалгаруулалтаа аваад хэрэгжүүлээд явж байгаа. Одоогоор 18-19 хүн бүртгүүлсэн. Энэ удаа зөвхөн нийслэлийн хэмжээнд хүмүүсийг хамруулж буй. Хувийн туслахууд тэдэнтэй хамтран ажиллаж, үйлчилж байна.
Хувийн туслах үйлчилгээ цагийн ажлын соёлыг төлөвшүүлдэг
- Хувийн туслахын сургалтад хамрагдсан хүмүүсээс тодорхой хувь нь үлддэг юм байна. Хэрхэн уриалж байна вэ. Ямар шаардлага тавьдаг вэ?
- Их, дээд сургуулиудаар явж яриа хийж, зараа түгээдэг. Хөдөлмөр эрхлэх боломжтой буюу 16 насанд хүрсэн хүн байх гэдэг шаардлага л бий дээ. Хамгийн чухал нь цаг баримтлах, хариуцлагатай байх юм. Хэн нэгэн тэргэнцэртэй хүн ажилдаа явах гээд хувийн туслах буюу тэр ажилтныг хүлээж байгаа гэдгийг сайн ойлгодог байх ёстой. Энэ шаардлагыг сургалт дээрээ ч сайн хэлдэг. Оюутнууд, ээлжийн ажилтай залуу хүмүүст илүү тохиромжтой ажил. Олон улсад бол тэтгэврийн насныхан ч ажиллаж л байдаг юм байна лээ. Манайд одоогоор 45-аас дээш насны хүн орж ирээгүй байна.
- Ээлжийн ажилтай хүмүүс гэхээр?
- Харуул хамгаалалтын ажил хийдэг хүн ээлжгүй өдрөө, уул уурхайн ХАБ-ын инженер ростерын амралтаараа, гэртээ байдаг ээжүүд хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд өдрийн цагаар ажиллах тохиолдлууд бий.
- Үйлчлүүлэгч олон байдаг уу. Цалин нь ямар байдаг юм бэ?
- Манай байгууллагын ажилтан, гишүүд гээд олон хүн хувийн туслахын үйлчилгээ авдаг. Үйлчлүүлэгч, хувийн туслах хоёртой Хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Энэ үйлчилгээ манай улсад төдийлэн төлөвшөөгүй учраас хувийн туслахаар ажил үүрэгт нь заагдаагүй зүйлсийг хийлгэх тохиолдол гарах гээд байдаг. Тиймээс үйлчлүүлэгч, хувийн туслах хоёрын эрх, үүрэг, хариуцлагыг нарийн тодорхойлж гэрээндээ заадаг.
Өнгөрсөн жил цалин нэг цагийн 4500 төгрөг байсан. Энэ жилээс 14 мянган төгрөг болсон. Үүнээс хүн амын орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд гар дээрээ 7000 төгрөг авдаг. Тэгээд хийсэн цагаараа сард хоёр удаа цалингаа авдаг гэсэн үг. Манайд ажиллаж байгаа оюутнууд цагийн ажлыг, цаг зохион байгуулалтын үнэ цэнийг мэдэрдэг болсноо хэлдэг.
Нийгмийн хувьд ч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг харах, ойлгох, харилцах нь өөр болж байна.
- Үйлчилгээ авч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хувийн туслахуудын хүйсийн харьцаа ямархуу байдаг вэ?
- Аль, аль нь эмэгтэйчүүд давамгайлдаг. Тухайлбал, таван залуу сургалтад суулаа гэхэд хоёр нь л ажиллахаар үлддэг, 18 хүн үйлчилгээ авлаа гэхэд тав нь эрэгтэй байдаг гэдэг ч юм уу. Японд бол ихэнх нь эрэгтэй хүн байдаг гэсэн.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах "Түгээмэл хөгжил" төв 2010 онд байгуулагдсан.
- Энэ төвийн ажилчдын олонх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг гэж сонссон юм байна?
- Манай төв 2010 онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан. Монголын анхны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төв. Энэ төрлийн байгууллагын захирал нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байх шаардлагатай. Яагаад гэвэл тэр хүмүүсийн зовлонг тийм хүн л мэдэж, мэдэрч ойлгоно шүү дээ. Одоо 17 хүн ажиллаж байгаагийн 14 нь хөгжлийн бэрхшээлтэй. Хүнд хэлбэрийн буюу хүзүү нугасны гэмтэлтэй, тархины саажилттай хүмүүс ажиллаж байна. Гараар биш хөлөөр шивдэг хүмүүс бий. Ерөөсөө юу чаддагийг нь л хийлгэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн халамж аваад, гэртээ сууж байдаг гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэж тухайн хүний бэрхшээлтэй, чадахгүй байгаа зүйл дээр нь жаахан дэмжээнд өгчихвөл юуг ч хийж чадна шүү гэдгийг харуулахыг хичээдэг, нөлөөлдөг.
- Орон нутагт энэ төрлийн төвүүд үйл ажиллагаа явуулдаг юм байна лээ. Танайхаас заавар, зөвлөгөө өгдөг үү?
- Манай төвөөс боловсон хүчнийг нь бэлтгэж өгдөг. Эндээ хагас сар сургаад явуулна. Өмнөговь аймаг, Эрдэнэт хотын бие даан амьдрах төвийн ажилтнуудыг бэлтгэсэн. Одоо Сүхбаатар аймгаас яригдаж байна. Ер нь аливаа бүс нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төвтэй байх нь асрамжийн газраас илүү байдаг. Манай сургалтад сураад гэрчилгээ авсан хүн орон нутаг, нийслэлийн аль ч төвд ажиллах боломжтой. Нэмж хэлэхэд, хувийн туслахаар ажилладаг оюутнууд гадаад, дотоодын тэтгэлэгт материал бүрдүүлж өгөхдөө манайхаас сайн дурын ажилд оролцсон гэдэг гэрчилгээ авдаг. Шаардлагатай бол албан бичиг ч гаргаад өгчихдөг.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урам зориг өгөх, нийгмийн амьдралд татаж оруулахад эерэгээр нөлөөлөх шаардлагатай мэт санагддаг.
- Би гэхэд осолд орж гэмтсэнийхээ дараа бүх зүйл хориотой юм байна гэж ойлгосон. 2015 онд сургуульдаа эргэж сураад бас энэ төвд ажиллаж үзээд “ажил хийж болох юм байна” гэж ойлгосон. Одоо бол хийж үзье гэсэн бүгдээ хийгээд явж буй болохоор гуньж гутраад байхгүй. Нийгмийн хүртээмжгүй байдал мэдээж хэцүү байдаг.
Японд нүднээс өөр зүйл нь хөдлөхгүй хүмүүс бие даан ажиллаж, амьдарч болоод байна. Бие даан амьдрах хөтөлбөр монголд хэрэгжээд маш олон хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгэмд гарч ажиллах бүрэн боломжтой. Халамжийн 288 мянган төгрөг авч, хүнээр асруулан гэртээ сууж байхаас илүү ажил хийж, нийгмийн амьдралд оролцоод явж байх нь бидэнд таатай байгаа байхгүй юу.
Гарч чадахгүй, зориг нь хүрэхгүй байгаа хүмүүс зөндөө байна. Тэднийг нэг удаа зориглоод үзээсэй, нийгэм гоё болсны дараа гаръя гэлгүй одоо гараад ирээсэй гэж боддог, уриалдаг. Нэг хүн ч гэсэн ажил хийж, нийгэмд оролцоод ирвэл ар гэрийн хүнд ачаа нь хөнгөрч, түүнийг асардаг хүн ч хамтдаа сэргээд ирнэ. Бид гадуур явахдаа, кино үзэхдээ хүртэл аль болох олуулаа явдаг. Ингээд ч болтугай нөлөөлөл үзүүлмээр байдаг юм.
Ярилцсанд баярлалаа.