Гэрэл зургийн эх сурвалж: Sutterstock.mn
Өнгөрөгч оноос нийтийн тээврийг тойрсон асуудлууд хөвөрсөөр өдийг хүрлээ. Тодруулбал 2023 оны есдүгээр сараас нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж 318,7 тэрбум төгрөгөөр 810 автобус худалдан авсан “Ногоон автобус”-ны хэрэг нийгмийг бухимдуулсан. Харин 12-р сарын 29-ноос “MNS4599 2003” стандартыг хангасан, зөв талдаа жолооны хүрдтэй, зааландаа наймаас дээш хяналтын камертай гэх мэт саарал хот шигээ “Саарал автобус”-ыг үйлчилгээнд нэвтрүүлсэн билээ.
Аль ч улсын нийтийн тээвэр дундаж болон түүнээс доош давхаргын иргэдийн амины ганц унаа болдог. Гэвч “Нийслэлийн нийтийн тээврийн газар”-аас 2014 онд тогтоосон том хүн 500, хүүхэд 200 төгрөгийн тарифтаа таарсан үйлчилгээтэйг бид хэлүүлэлгүй сайн мэднэ. Дулаан, тохилог шинэ автобус, цантай цонх, царгисан чанга яригчтай хуучин нийтийн тээвэр хоёрын ялгаа хаана буйг иргэд мэдэрсэнгүй. Учир нь үйлчилгээ бахь байдгаараа л байна.
Нийтийн гэх тодотголтой унаанд нэг л хүн дураараа аягладаг. Тэр бол жолооч. Цахим орчинд нийтийн тээврийн үйлчилгээ, соёлын талаар иргэд санал гомдлоо байнга илэрхийлж байдаг. Харин хариуцагч байгууллага нь ямар ч арга хэмжээ авдаггүй. Жишээ нь “Ажлын байрны ёс зүй гэж алга. Энэ автобусны жолооч нарыг хүчээр ажиллуулчихсан юм шиг увайгүй авираа болиосой” гэх мэт сэтгэгдэл олон. Иргэд жолооч нар бүхээгтээ тамхи татахад хамгийн их эгдүүцдэг гэнэ. Агааржуулалтын систем муу автобусанд тамхи татаж буй жолооч өчнөөн бий. Үүнд шаардлага тавихаас ч иргэд айдаг. Гудамжны бүдүүлэг үгс, чанга дуугаар захирангуй ярих зарим жолоочийн өөдөөс тэд мянга шаардлага тавиад ямар ч нэмэргүй. Угтаа бол автобусны буудлууд дээр зорчих карт шалгадаг зам тээврийн хяналтын ажилчид иргэдэд шаардлага тавихаас илүүтэй жолооч нарын үйлчилгээ стандартад хяналт тавимаар юм.
Сонирхуулахад Нидерланд улсын нийтийн тээврийн жолооч нар гурван чадварыг зайлшгүй эзэмшдэг гэнэ. Үүнд хэрэглэгчдэд үйлчлэх, тэвчээртэй байх, жолоодох гэх гурван чадварыг төгс эзэмшсэн байх ёстой аж. Үүнээс тэвчээртэй байдлыг бүр илүү чухалчилж үздэг байна. Энэ нь замын түгжрэл, заримдаа зорчигчдын зүй бус үйлдлийн улмаас автобусны жолооч стресстэй нөхцөл байдалд орсон ч тайван жолоодох сэтгэл зүйтэй байх ёстой гэсэн үг юм.
Гэтэл манайд унаагаа сольсон ч жолооч нар хүн тээвэрлэж буйгаа ухамсарладаггүй, араагаа шидэж сольдог, огцом хурдалдаг хэвээр. Түгжрэлд сэргэлэн нь очих газраа түргэн хүрнэ гэдэг логик тэдний тархинд кодлогдчихсон мэт. Оргил ачааллын цагаар автобусны хүрэлцээ хомс болдог. Хүйтэнд даарсан иргэдийн хувьд автобусанд амжиж, багтаж сууна гэдэг тэр өдрийн аз одоос хамааралтай аятай. Арай гэж багтсан иргэд жолоочийн бүдүүлэг яриа, замын хөдөлгөөний зүй бус үйлдлийнх нь золиос болдог билээ.
Иргэд өндөр стандарт шаардахын хэрээр өөрсдөө өндөр соёлтой баймаар байна
Аль ч улсын иргэдийн дунд “unwritten rules” буюу бичигдээгүй дүрэм гэж бий. Энэ нь ёс суртахуунт зан чанарыг хэлдэг. Орон бүрийн соёл өөр тул түүнтэй зохицож удаан хугацааны турш бүрэлдсээр ирсэн бичигдээгүй хууль, хорио цээр байх нь ойлгомжтой. Тэр дундаа олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгсэлд энэ дүрэм байнга хэрэгжиж байдаг.
Жишээ нь Солонгос улсад нийтийн тээврийн хэрэгсэлд хурц үнэртэй хүнсний бүтээгдэхүүн идэхгүй байх, агааржуулах систем ажиллаж буй тохиолдолд цонхоо нээхгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настны суудалд суухгүй байх, бага насны хүүхдэд суудал тавьж өгөх гэх мэт бичигдээгүй дүрмүүд бий.
Харин манай улсын иргэд “Өглөө автобусанд амжиж сууна гэдэг алаан байхгүй юу гэж хошигнон” ярьдаг. Өндөр настан, хүүхэд хэн ч тус автобусанд суухын төлөөх тэмцэлтэй өглөө бүр нүүр тулдаг. Зорчигчдын дунд байнга “Cуудал тавьж өгсөнгүй, шахлаа” гэх мэт зөрчил үүсэж байдаг. Мөн өсвөр насны охидын биед зөвшөөрөлгүй хүрэх тохиолдол их байдаг. Терминал ХХК-ийн автобусны жолоочийн хэлснээр “Шаардлага тавихаар хамгийн муухай үгээр хараана. “Улсын унаагаар дуугүй яв”, “Ажилгүй болгоно” гэж загнадаг. Зарим нь гар утсаа гаргаж ирээд дураараа хүний зүс царайг оруулан бичлэг хийдэг” гэх мэт сүрдүүлэгт өртдөг гэсэн юм. Шинээр орж ирсэн автобус үйлчилгээнд нэвтрээд долоо хоноогүй байхад сандал, “usb” оролт гэмтсэн талаар Нийслэлийн тээврийн газраас мэдээлж байсан.
Иймээс бид ч бас өөрсдөө өндөр стандарт шаардахын хэрээр өндөр соёлтой баймаар байна. Нийслэлийнхний дунд хэрэгждэг бичигдээгүй дүрмүүд нийгмээ хөгжүүлэх биш улам доройтуулах аятай байдаг. Нийтийн тээврийн төлбөрийг дөрвөн жилийн өмнө картаар төлдөг болсон ч одоог хүртэл бэлэн мөнгө сарвайх иргэд байсаар л байна. Тус салбарыг тойрсон асуудал үйлчилгээ эрхэлж буй компаниуд, ажилтан, үйлчлүүлэгчдээс шууд хамааралтайг ойлгох хэрэгтэй. Мөн соёлтой байх нь жижиг зүйлээс том өөрчлөлт бий болох эхний алхам гэдгийг ухаарах хэрэгтэй аж