Клара Цеткиний 1897 онд Цюрих хотноо авхуулсан зургийг википедиагаас татаж, pixabay дээр Vollex-н нийтэлсэн бүтээлтэй эвлүүлж ашиглав.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг санаачлагч Клара Цеткин болон гуравдугаар сарын 8-ны өдрийн тухай 15 баримтыг хүргэж байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, охидын ирээдүй гэрэлтэй, тэгш эрхтэй байхын тухайд гагц гуравдугаар сарын найман хангалтгүй бөгөөд өдөр бүр бодох, биелүүлэх, зөв арга замыг тодорхойлохын төлөө чадах бүхнээ хийх нь зүйтэй юм.
2. Тэрээр Лейпциг хотын эмэгтэйчүүдэд зориулсан Багшийн коллежид суралцаж байх үедээ Социал демократ намтай холбогдсон байна. Түүний оросын хувьсгалчидтай холбоотой байдал нь орос-жүүдийн эрлийз, цөллөгт байсан Оссип Цеткин /1848-1889/-тэй гэрлэхэд нөлөөлжээ. Германд социалист үйл ажиллагаа явуулахыг хориглосны улмаас тэр 1882 онд Цюрих рүү явсан бөгөөд тэндээсээ Парист очиж сэтгүүлч, орчуулагч мэргэжлээр суралцсан гэж нэгэн эх сурвалжид дурджээ. Өөр нэг эх сурвалжид тэрээр тэнд байх хугацаандаа хуулиас гадуур нийтлэл, зохиол бичин, түгээхийн сацуу олон улсын тэргүүн зэргийн социалист үзэлтнүүдтэй уулзаж, үзэл бодлын хүрээгээ тэлсээр байсан гэсэн байна.
3. Клара, Оссип нарын дундаас Максим Цеткин /мэс засалч/, Костя Цеткин /эмч/ гэх хоёр хүү төрсөн бөгөөд хоёул үндсэн мэргэжлээсээ гадна улс төрч, улс төрийн идэвхтэн болжээ. Үүнд тэдний ээж голлох нөлөөг үзүүлсэн байна. Клара Цеткин бэлэвсэрснийхээ дараа 1899 онд өөрөөсөө 18 насаар дүү герман зураач, фермер бөгөөд урлагт хөрөнгө оруулагч Георг Фридрих Зундел /1875-1948/-тай гэрлэж 1928 оныг хүртэл хамт амьдарчээ.
Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч Клара Цеткин
4. 1889 онд Хоёрдугаар социалист интернационалыг үүсгэн байгуулах хуралд оролцож, мөн тухайн онд нөхөр Оссип Цеткин өвчний улмаас нас барсны дараа хүүхдүүдтэйгээ Германд буцаж ирсэн юм. Түүнчлэн 1892-1917 он хүртэл социалист эмэгтэйчүүдийн “Тэгш байдал” сонины хянан тохиолдуулагчаар ажиллаж байжээ. Тэрээр 1907 оноос Социал демократ намын дэргэд шинээр байгуулагдсан Эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдахаар болсон юм.
5. 1910 онд Дани улсын Копенгаген хотод олон улсын социалист эмэгтэйчүүдийн бага хурал болов. Тэрхүү хурлын үеэр Германы социал демократ намын Эмэгтэйчүүдийн байгууллагын удирдагч Клара Цеткин гэх эмэгтэй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санааг дэвшүүлжээ. Тэрээр жил болгон улс орон бүр тогтсон нэг ижил өдрийг “Эмэгтэйчүүдийн тэгш эрх, бие даасан, тусгаар байдлын төлөөх олон улсын тэмцлийн өдөр” хэмээн тэмдэглэж байцгаая гэдэг санал дэвшүүлж байсан аж. Тухайн хуралд 17 улсын 100 гаруй орны оролцогчид, социалист намын төлөөлөл, Финдландын парламентад сонгогдсон анхны гурван эмэгтэйг багтаасан - ажилчин эмэгтэйчүүдийн клубүүд ч Цеткинийг саналыг дуу нэгтэйгээр хүлээн авчээ. Улмаар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй болсон ч ямар сар, өдөр байхыг нь тухайлан тогтоогүй байна.
6. Копенгаген хотноо тохиролцсон шийдвэрийн дараа 1911 оны гуравдугаар сарын 19-нд Австри, Дани, Герман, Швейцарь улсуудад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг анх удаа тэмдэглэжээ. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх, сонгох, сурах, төрийн албан тушаал хаших, ялгаварлан гадуурхалтыг зогсоох эрхийн төлөөх кампанит ажилд нэг сая гаруй эмэгтэй, эрэгтэй хүн оролцсон байна.
7. 1913 оны хоёрдугаар сарын сүүлчийн ням гараг буюу 23-ны өдөр ЗХУ-ын эмэгтэйчүүд Дэлхийн нэгдүгээр дайны өмнө өрнөж эхэлсэн энхтайваны хөдөлгөөнд нэгджээ. Юлийн тооллоор тооцогдож байсан энэ өдөр нь Григорийн тоололд гуравдугаар сарын найман байж таарчээ.
1975 онд НҮБ-аас анх удаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах жил болгон зарлаж, гуравдугаар сарын наймныг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгохоор шийдвэрлэв.
8. 1917 оны ЗХУ-ын хуучин юлийн тооллын мөн өдөр буюу григорын тооллоор гуравдугаар сарын наймны өдөр Дэлхийн нэгдүгээр дайнд хоёр сая гаруй цэрэг эрсээ алдсан эмэгтэйчүүд “Талх ба энх тайван” гэж нэрлэсэн өргөн хүрээний ажил хаялт зарлав. Улс төрийн удирдагчдын эсэргүүцэлтэй тулгарсан ч дөрвөн хоногийн турш тууштай тэмцсэн бүсгүйчүүд сонгох эрхээ олж авчээ.
9. 1914 онд европын орнуудын эмэгтэйчүүд дайны эсрэг эв нэгдлийг илэрхийлэх жагсаал цуглаан зохион байгуулсаар байв. Тухайлбал, Английн Лондон хотод гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн сонгох эрхийг дэмжих жагсаал Боу хэсгээс Трафальгарын талбай хүртэл болжээ. Английн зохиолч, феминист үзэлтэн, социалист идэвхтэн Силвиа Панкхурст тухайн жагсаалд оролцож үг хэлэхээр явах замдаа “Charing Cross” өртөөний өмнө баривчлагдаж байв.
10. 1975 онд НҮБ-аас анх удаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах жил болгон зарлаж, гуравдугаар сарын наймныг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгохоор шийдвэрлэжээ. Үүнээс хоёр жилийн дараа 1977 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас гишүүн орнууддаа хандан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн аль ч өдөр үндэснийхээ түүх, уламжлалынхаа дагуу тэмдэглэж болно гэж тунхагласан байна. Харин НҮБ-ын хувьд 1975 оны гуравдугаар сарын наймнаас хойш тухайн өдрийг тэмдэглэсээр иржээ.
11. 2011 онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсний 100 жилийн ой тохиосон юм. Тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тэр жилийн гуравдугаар сарыг “Эмэгтэйчүүдийн түүхийн сар” болгон тунхаглаж, улс орныхоо түүхийг, өнөөдрийг бүтээхэд эмэгтэйчүүдийн хийсэн ер бусын амжилтыг эргэцүүлэн бодож, тэдний эрхийн өдрийг тэмдэглэхийг америкчуудад уриалж байсан нь содон үйл явдал болсон юм. Энэ мэт олон сонирхолтой үйл явдал эл өдрийн 100 жилийн ойн хүрээнд дэлхийн орнуудад өрнөсөн билээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг улс орнууд өөрсдийн үндэсний онцлогоор тэмдэглэдэг болжээ.
12. Өнөөдөр. Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байсан 100 гаруй жилийн өмнөхтэй харьцуулахад тэдний эрх тэгш байдал, эрх чөлөөний тухай ойлголт, үзэл бодолд ихээхэн өөрлөлт гарсныг дэлхий нийтээрээ харж байна. Эмэгтэйчүүдийн дунд ерөнхий сайдууд, сансрын нисэгчид бий. Гэвч эрэгтэйчүүдтэй ижил цалин авч чадахгүй, бизнес, улс төрд тэдэнтэй адил хэмжээний оролцоогүй хэвээр байна. Эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэндийн асуудал, тэдний эсрэг үйлдэгдэх хүчирхийлэл байсаар. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд урам зориг өгөх, амжилт ололтыг нь тэмдэглэх өдөр байх нь чухал.
13. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж, албан ёсоор амардаг улс орнууд: Афганистан, Армени, Азербайжан, Беларусь, Буркина Фасо, Камбож, Куба, Гүрж, Гвиней-Бисау, Эритрей, Казахстан, Киргизстан, Лаос, Молдав, Монгол, Монтенегро, Орос, Тажикистан, Туркменистан, Уганда, Украйн, Узбекистан, Вьетнам, Замби. Харин Хятад, Мадагаскар, Балба улсад зөвхөн эмэгтэйчүүд амардаг байна.
14. Улс орнууд эл өдрийг янз бүрээр тэмдэглэдэг ажээ. Эрэгтэй хүмүүс ээж, эхнэр, найз охин, хамтран ажилладаг эмэгтэйчүүддээ цэцэг, жижиг бэлэг дурсгал өгч хүндэтгэл үзүүлдэг байна. Зарим оронд хүүхдүүд ээж, эмээ нартаа жижиг бэлэг өгдөг бөгөөд Ээжүүдийн баярын өдөртэй дүйцэхүйц байр суурьтай байдаг гэнэ.
15. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн онцлогийг харуулахын тулд хэвлэл мэдээллийн байгууллага, платформууд чармайлт гаргаж, энэ өдрийн ач холбогдлыг таниулах дижитал болон хэвлэмэл бүтээлийг хийж, эмэгтэйчүүдийн тэгш байдлын талаар хөндөж эерэг нөлөөлөл үзүүлж байна.
Эх сурвалж: internationalwomensday, un.org, britannica, theguardian, wikipedia.org