"Баавгай болохсон" уран сайхны киноны ээжийн дүрд жүжигчин С.Ганчимэг
П.Золжаргал найруулагчийн “Баавгай болохсон” уран сайхны кино олон улс болоод Монголын үзэгчдэд Улаанбаатар хотын амьдралын хүндхэн төрхийг илэрхий дэлгэсэн билээ. Харин энэ оны нэгдүгээр сарын 12-нд тэд дотоодын үзэгчдэдээ зориулан албан ёсоор нээлтээ хийсэн. Үзэгчдийн зүгээс хүлээлт өндөр байсныг хэлэх үү гурав хоногт кино театрын тэнхим битүү дүүрч, билетийн дараалал тасарсангүй.
Улаанбаатар хот “Үхлийн хөндий” гэх нэр зүүгээд чамгүй олон жилийг үдээд буй. Энд түгжрэл, агаарын бохирдол, ядуурал, боловсролын тэгш бус байдал гэх мэт хоолойд тулсан олон асуудал оршсоор байна. “Баавгай болохсон” кино ч нүдэнд ил хэр нь шийдэж чаддаггүй зундаа замхраад алга болдог агаарын бохирдол, боловсролын тэгш бус байдлыг гол дүр болох Өлзийбат хүүгийн амьдралаар тодорхой харуулсан. Үзэгчид ч үүнийг сайтар ойлгосон биз ээ. Нэг талаараа Өлзийбат сурах, хөгжих чин эрмэлзэлтэй боловч ажилгүй, орлогогүй эх нь түүнд төдийлөн анхаарал хандуулдаггүй байж болох юм. Гэвч тус кинонд орхигдоод буй нэг санаа нь өрх толгойлсон эхийн асуудал юм.
Говь-Алтайгаас нүүж, хот бараадсан дөрвөн хүүхдийн эх Улаанбаатарт хөл тавиад, төд удалгүй хотын амьдралд бууж өгдөг. Найруулагч П.Золжаргал хэлэхдээ “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд буй эсвэл архичин гэдэг хүний дүрийг гаргахын тулд орилж хашхирсан үзэгдлийг харуулахаас илүү арай өөр өнцгөөр харуулахыг зорьсон. “Баавгай болохсон” киноны гол дүр Өлзийбатын ээж бол цөхөрсөн хүний дүр” гэсэн юм. Бид өнөөдөр энэ дүрийг Монголын олон мянган айл өрхийн амьдралаас харах боломжтой. Үндэсний статистикийн хорооны 2023 оны наймдугаар сард хийсэн судалгаагаар Монгол улсын хэмжээнд 66,648 эмэгтэй өрх толгойлж, ажиллаж, амьдарч байна. Харин 15089 эцэг өрх толгойлж байгаа аж. Мөн “Өлзийбат хүүгийн ээжийг дан ганц өрх толгойлсон эмэгтэйн дүрээр харуулах гэсэнгүй, мэдлэг боловсрол тааруу эхийг төлөөлүүлэн харуулахыг зорьсон. Өлзийбат “Манай аав мянгат малчин байсан. Нэг өвлөөр тал малаа алдсан даа” гэдэг. Тус эмэгтэйн нөхөр нэг өдөр яваад л өгчихсөн” гэж найруулагч П.Золжаргал хэлсэн юм.
Өнөөдөр манай улсад жилд 21000 хос гэр бүлээ бүртгүүлдэг бол 4.2 мянган хос гэрлэлтээ цуцлуулдаг байна. Салалтын зонхилох шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл байдаг гэдгийг жендерт суурилсан хүчирхийллийн судалгааны 2023 оны тайланд дурджээ.
Өрх толгойлж буй эцэг, эхийн судалгааг илүү тодруулбал 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон 36 мянган эмэгтэй, 7400 орчим эрэгтэй байдаг аж. Одоогоор өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь тодорхой хөдөлмөр эрхэлж байгааг гаргасан нарийн судалгаа алга. Гэвч нийт эмэгтэйчүүдийн 65 хувь нь гүйцэтгэх, доод түвшний, ялангуяа, үйлчилгээний ажлыг түлхүү гүйцэтгэдэг аж.
Тэтгэмжийн тухайд 18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү хэмжээний тэтгэмж авах эрхтэй бөгөөд хүүхдийн тоонд төрүүлсэн болон үрчлэн авсан, асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүүхдийг хамааруулдаг байна. Гэвч халамжаас халамжийн хооронд амьдрах нь тус өрхийн амьдрал өсөн, дээшлэх боломжийг хааж байдаг. Угтаа бол эдгээр ээжүүдийн ажиллах боломжийг хангаж, тусгай хөтөлбөр гаргаж өгөх нь зүйтэй билээ.
Уран бүтээлээр дамжуулан бүхэл бүтэн нийгмийг шүүмжилж чадсан “Баавгай болохсон” кино одоог хүртэл иргэдийн ярианы халуун сэдэв хэвээр байна. Өсвөр насны хүүхдийн архидалт, ёс бус хэллэгийг нь олон хүн гайхаж байсан ч эдгээр үзэгдэл манай нийгэмд тодоос тод оршиж байдаг. Өлзийбатын ээжид ажил хийх чин хүсэл байсан ч дээр дурдсанчлан нийт эмэгтэйчүүдийн дийлэнх нь үйлчилгээний ажлыг түлхүү гүйцэтгэдэг бөгөөд энэ ажлын цалин нь тэдний амьдралд яагаад ч хүрэхгүй байгааг ойлгуулахыг мөн зорьсон биз ээ.