03 сарын 07, 2024
2022 онд 600 гаруй охин үр хөндүүлжээ
2022 онд 600 гаруй охин үр хөндүүлжээ

Х.Цэцгээ: ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга

Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” сэдвийг тусгайлан тусгахаар судалгаа хийсэн байна.  “Гэр бүлийн харилцаан дахь жендэр ба хүний эрхийн асуудал” судалгааны талаар ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ өнөөдөр танилцуулсан юм. Энэ танилцуулгаас өсвөр насны охидын нөхөн үржихүйн асуудалтай холбоотой мэдээллийг хүргэе.

Өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн боловсролд анхаарах шаардлага тулгарчээ. Монгол Улсын хэмжээнд өсвөр үеийнхэнд зориулсан 34 газар кабинет, клиник, төв нэртэйгээр тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр нь:

  1. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 1 клиник
  2. Нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төвд 9 клиник, кабинет
  3. 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээ төв, аймгийн эрүүл мэндийн газруудыг түшиглэсэн 21 төв, кабинет
  4. Дорноговь аймгийн Замын-Ууд сум, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад З кабинет юм.

Эрүүл мэндийн сайдын 2020 оны ”Охидод эрүүл мэндийн өвөрмөц тусламж, үйлчилгээ узүүлэх болон өсвөр насны жирэмсэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар" А/З64 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын 2020 оны ”Жирэмсэн, төрөх, төрсний дараах үед узүүлэх тусламж, үйлчилгээний журам" А/З18 дугаар тушаалын дагуу өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Мөн Эрүүл мэндийн сайдьн 2019 оны ”Үр хөндөлтийг зохицуулах журам” А/З87 дугаар тушаал, ”Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний MNS 5488:2019” стандартын дагуу ур хөндөлтийн тусламж, үйлчилгээг узүүлж байна. Тус журмын 9.2-д үр хөндүүлэх эмэгтэйн өөрийнх нь, 18 хүртэлх насны охидын эцэг, эх асран хамгаалагчийн, иргэний эрх зүйн чадамжгүй сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт зөвшөөрлийг бичгээр авсан байна хэмээн тусгасан байдаг.

Өсвөр үеийн кабинет, клиник, төвийн зарим нь эмч, сувилагч, нийгмийн ажилтангүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Өсвөр насныхны эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой үйл ажиллагаанд онцгой анхаарал тавих цаг болсныг дараах тоо баримтууд илэрхийлж байна.

2021 онд 10-14 насны 26 охин, 2022 онд 26 охин, 2021 онд 15-19 насны 2331 охин, 2022 онд 2232 охин жирэмсэлсэн.

2021 онд 10-14 насны 35 охин үр хөндүүлсэн бол 2022 онд 41 бож өссөн. Харин 2021 онд 15-19 насны 618, 2022 онд 587 охин үр хөндүүлсэн.

2021 онд 10-14 насны 16 охин төрсөн бол 2022 онд 21 болж өссөн. Харин 2021 онд 15-19 насны 2538 охин төрсөн нь 2022 онд 2370 болж бууран үзүүлэлттэй байна.

Охидын эрүүл мэнд нөхөн үржихүйн эрх зөрчигдөж байгаа учир төр, төрийн холбогдох байгууллагууд хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж охидын эрхийг хамгаалах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бодлого үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Тулгамдсан асуудал:

  • Өсвөр насны хүүхдүүд цахим орчин болон үе тэнгийнхнээсээ бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой баталгаагүй мэдээ, мэдээллийг авч байна.
  • Эрүүл мэндийн боловсролын хичээлийг бага, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан ордог ч хичээлийн чанар муу байгаагаас өсвөр насныхны дунд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл дутмаг, тусламж, үйлчилгээг хаанаас, хэнээс авахаа мэдэхгүй байна.
  • Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд хараа хяналтгүй байдаг нь тэднийг бэлгийн болон хүйсэд суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж улмаар бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөд хүргэж байна.
  • Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ асран хамгаалах, халамжлах үүргээ биелүүлэхгүй, хүүхдээ хараа хяналтгүй орхиж, үл хайхрах хүчирхийлэл үзүүлж байна.
  • Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байгаа өсвөр насныханд жирэмслэхээс хамгаалах хүртээмжтэй, боломжит аргуудын талаар зөвлөдөггүй. Тэдэнд сонголт хийх, жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийн сонголт хангалтгүй.
  • Өсвөр насныхны өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хүний нөөц дутмаг, өрөө, кабинет орчин нөхцөл хангалтгүй.
  • Орон нутагт болон дотуур байранд амьдардаг өсвөр насны охидын сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байгууламж хүртээмжгүй. Мөн анх удаа сарын тэмдэг нь ирж буй өсвөр насны охидын дунд энэ талын мэдлэг дутагдалтай байна.

Эх сурвалж: Хүний эрхийн үндэсний комисс