03 сарын 07, 2024
Гурван сая 89 мянган толгой мал хорогджээ
Гурван сая 89 мянган толгой мал хорогджээ

С.Амарсайхан: Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдрийн байдлаар 21 аймгийн 251 сум, нийслэлийн 4 дүүрэгт хаваржилт хүндэрч, энэ сарын нэгний байдлаар нийт гурван сая 89 мянган толгой мал хорогдсон гэж мэдээллээ.

УОК-оос шат дараатай шийдвэрүүд гаргаж, эхний ээлжид хаагдсан зам давааны цасыг хусах, хаваржилт хүндэрсэн аймаг, сум, багийн малчдад хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй өвс тэжээл хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 68.7 мянган өрхөд нийт 184 мянга гаруй боодол өвс, 74 мянган малчин өрхөд 2.9 тонн малын тэжээл хүргэн өгч, улсын хэмжээнд цасанд боогдсон 97 мянган км замын цасыг цэвэрлэсэн байна.

Мөн Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар 21 аймгийн 197 сум, нийслэлийн хоёр дүүргийн 116 мянган иргэдэд 1,162 тн гурил, 584 тн цагаан будаа буюу нийт 1,746 тн хүнсний бараа, 21 аймгийн 100 суманд 100 ширхэг туулах чадвар сайтай автомашиныг худалдан авч олгох шийдвэр гарч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүнээс гадна сумуудын Эрүүл мэндийн төвд мөн бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашинуудыг олгохоор шийдвэрлэж, одоогийн байдлаар 12 суманд хүлээлгэн өгөөд байна.