03 сарын 06, 2024
Монголын сэтгүүл зүйн өдрийг зөв тогтоох асуудалд
Монголын сэтгүүл зүйн өдрийг зөв тогтоох асуудалд

Шинэ толь хэмээх бичиг сонин 1913 оны энэ өдөр хэвлэгдсэн гэж зарим судлаачийн үзсэнээр Монголын үндэсний сэтгүүл зүйн өдрийг тэмдэглэсээр ирсэн.

Тэгвэл МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, судлаач, доктор, дэд профессор М.Одмандахын судалгаа шинжилгээний баримттай, сонирхолтой өгүүллийг хүргэж байна. Судлаачийн зөвшөөрлийг авсан болно.

Шинэ толь хэмээх бичиг сонин 1913 оны энэ өдөр хэвлэгдсэн гэж зарим судлаач үзэж түүгээр Монголын үндэсний сэтгүүл зүйн өдрийг тэмдэглэсээр ирсэн. Тэгвэл МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, судлаач, доктор, дэд профессор М.Одмандахын судалгаа шинжилгээний баримттай, сонирхолтой өгүүллийг хүргэж байна. Судлаачийн зөвшөөрлийг авсан болно.

Хураангуй

Монголын сэтгүүлчдийн өдрийг бид 1913 оны 3-р сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин хэвлэгдсэн өдрөөр огноолон тэмдэглэх болсон. Хэдийгээр бидний мэддэгээр Оросын тооллоор 1913 оны 3-р сарын 6-ны өдөр анхны тогтмол хэвлэл үүссэн нь үнэн хэдий боловч 1918 оноос ЗХУ-ын удирдлагууд хуучин Юлийн тооллоос европын нэгдсэн Григорийн тоололд шилжих шийдвэр гарч Оросын он тооллын 2-р сарын 1-нээс шууд 2-р сарын 14-нд шилжиж, нийт он цагийн 13 хоногийн зөрүүтэй тооцохоор тогтсон үнэн баримтыг түшиглэн бид Оросын 1913 оны 3-р сарын 6-ны өдрийг Европын 3-р сарын 19-нд шилжүүлэн тооцож хэвших учиртай болжээ.

Энэ зарчмаар авч үзвэл Монголын хэвлэлийн төрсөн өдөр нь Оросын он тооллын 3-р сарын 6-ны өдөр буюу Европын он тооллын 3-р сарын 19 болохыг тооцож, шийдвэрээ эргэн харж, шинэчлэн тогтоох нь зүйд нийцнэ.

Түлхүүр үг: Шинэ толь хэмээх бичиг сонин, сэтгүүлчдийн өдөр, МСНЭ,

“Шинэ толь хэмээх бичиг” сонины он цагийн асуудалд

“Шинэ толь хэмээх бичиг” хэвлэлийн анхны дугаарын төгсгөл 57-р талд “...olan-a ergügdegsen-ü γurbadugar on qoyar sarayin arban qoyar. Oros-un nige mingγan yisün jaγun arban γurbadugar on marta sarayin sineyin jirγuγan-u edüre. mongγol ulus-un neyiselegsen yeke küryen-ü γajar-a keblen γarγabay”[1] [... Олноо өргөгдсөний гуравдугаар он хоёр сарын арван хоёр, Оросын нэг мянга есөн зуун арван гуравдугаар он март сарын шинийн зургааны өдөр. Монгол улсын нийслэсэн Их хүрээний газар хэвлэн гаргав] гэж байдаг. Энд Оросын гэж онцолсон байгааг харж болно. Энэ нь тухайн цаг үед ямар он тооллыг баримтлаж байсныг бидэнд харуулж байна.

Тус хэвлэлийн анхны дугаар хэрхэн гарсан тухай И.Я.Коростовецийн бүтээлийн 1913 оны 3-р сарын 8-ны [3-р сарын 21.] өдрийн тэмдэглэлд өдрийн тэмдэглэлд “... “Шинэ толь” хэмээх монгол сонины маань анхны дугаар өнөөдөр хэвлэгдэв. 200 хувиар хэвлэсэн бөгөөд монголчууд өвөртөө (халаасандаа) хийж явахад тохиромжтойг нь бодолцон жижигхэн дэвтэр хэлбэртэй гаргасан. Худалдах үнэ нь 10 копейк. Петербургт захиалсан үсэг маань ирээгүй учир тааруухан үсгээр хэвлэсэн билээ...”[2] (Коростовец, И.Я. 2017, 330) гэжээ.

Энэ тэмдэглэлд 3-р сарын 8-нд уг тэмдэглэлийг хөтөлсөн байж болох бөгөөд магадгүй хэвлэх хурд, үйл ажиллагаанаас хамаарч 3-р сарын 6-нд хэвлэлд шилжсэн хэдий боловч хэвлэгдэн уншигчийн гарт очсон нь 3-р сарын 8 байх магадлалтайг тооцох учиртай. Гэсэн хэдий боловч сонинд бичигдсэн огноогоор 3-р сарын 6-нд гэж үзэх нь бодит үнэнд нийцнэ.

Хэдийгээр тухайн цаг үеийн он цагийг Оросын буюу Юлийн тооллоор баримжаалан явж байсан тул бид энэ цагийг нь европын тоолол мэтээр андуурах явдал манай зарим түүхчдийн дотор байсаар байна. Тиймдээ ч манай сэтгүүл зүйн түүх судлаач эрдэмтэд болох Г.Дэлэг, Л.Норовсүрэн, Т.Баасансүрэн нар бүтээл туурвилдаа 1913 оны 3-р сарын 6-ны өдөр гэж итгэл төгс тэмдэглэсээр ирсэн төдийгүй хожим нь ч гэсэн энэ л өдрийг баримтлан Монголын сэтгүүлчдийн өдрийг ч тогтоож, тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг. Харин доктор Б.Галаарид “...1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр /Юлийн тооллоор/ “Шинэ толь хэмээх бичиг” сонин анх гарч, олон нийтийн мэдээллийн нэг үндсэн хэрэгсэлтэй болж чадсан байна...”[3] гэж хуучин оросын буюу Юлийн тооллоор байсныг гярхай анзаарч тэмдэглэжээ.

Тэгвэл оросууд хэзээнээс өөрсдийн он тооллыг Европын он тоололд шилжүүлэх болж, түүхэнд болсон аливаа үйл явдлыг ч шинэ буюу Европын тоололд шилжүүлэн тэмдэглэх болсныг бид харгалзан үзвэл зохино.

1918 оноос Зөвлөлт Орос улс нь Европын цаг тоололд шилжиж, үүнийг 1-р сарын 24-нд Ардын комиссаруудын хурлаар шийдэж, улмаар В.И.Ленин гарын үсэг зурснаар олон түмэнд зарлагдаж, хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ тооллоос өмнө тэд Оросын он тооллыг хэрэглэж байсан бөгөөд харин бид энэ зөрүүг тооцохгүйгээс зарим нэг андуу явдал гарч байна.

Хуучны оросын Юлийн тооллоор 2-р сарын 1-ны өдрийг Зөвлөлт Орост Европын нийтээр дагаж мөрддөг Григорийн тоололд шилжүүлж шууд 2-р сарын 14-ны өдөр байхаар тогтож, 1918 он 352 өдөр болсон байна. Гэсэн хэдий боловч Цагаан Оросын нутагт хуучин тооллоор, харин Зөвлөлтийн мэдлийн нутагт шинэ он тоооллыг мөрдөх болсон байна.[4]

Энэ талаар судлаач Павел Кузенков “...Зөвлөлт Орост 1918 оны 2-р сарын 1-нийг Европын тоололд шилжүүлэн 2-р сарын 14 гэж тооцох ажлыг Лениний засгийн газар хэрэгжүүлжээ. Гэвч сүмийн амьдралд төдийлөн өөрчлөлт орсонгүй. Оросын үнэн алдартны сүм, их хамба нар гэгээн эцгийн амьдарч байсан үеийн цаг тооллоор амьдрасаар байжээ...” [5] гэж тэмдэглэжээ. Оросууд хуучин тооллоо халж нийтээр шинэ тоололд шилжсэн тул бид ч өөрийн түүхийн үйл явдлын он цагийг ч шилжүүлэн тооцох учиртай болж байна. Үйл явдлын он цагийг хэрхэн шилжүүлэн тооцох тухай түүхч Павел Кузенков “Түүхийн баримт дахь хуучин ба шинэ тоолол” гэсэн өгүүлэлдээ тодорхой өгүүлээд зарим жишээ баримтыг ч дурдсан байдаг.

Юлийн болон Григорийн он тооллыг шилжүүлэн тооцоход дараах аргачлалыг баримтлана.[6]

Юлийн тооллоор Григорийн тооллоор Ялгаа

с 1582, 5.X по 1700, 18.II 1582, 15.X – 1700, 28.II 10 өдөр

с 1700, 19.II по 1800, 18.II 1700, 1.III – 1800, 28.II 11 өдөр

с 1800, 19.II по 1900, 18.II 1800, 1.III – 1900, 28.II 12 өдөр

с 1900, 19.II по 2100, 18.II 1900, 1.III – 2100, 28.II 13 өдөр

Энэ тооллоор Оросын хуучин тооллыг 13 хоногоор нэмж тооцож байхаар тогтсон байна. Үүнийг тухайн үед гарсан сонины хуудсанд ингэж үлдээжээ. Үүнд:

glel Зураг. Зөвлөлт Орос улсын шинэ тоололд шилжих тухай тогтоол. Тооцох аргачлал

Иймээс бид 1918 оноос өмнөх бүх үйл явдлыг Европын тоололд шилжүүлэн тооцохоос өөр аргагүй юм. Жишээ нь, Октябрийн хувьсгалыг 10-р сарын 25-нд хийсэн боловч шинэ тооллоороо 11-р сарын 7-нд тэмдэглэж ирснийг манайхан бүгд мэднэ. Гэвч бусад үйл явдалд энэ тооцоог шилжүүлэн хэрэглэхгүй байгаагаас зарим түүхэн үнэн бодит өдөр боловч шинэ цагийн журмыг эс дагаснаас түүхэн баримт гуйвах аюултай юм. Тийм болохоор түүхэн үйл явдлыг бид хуучин Оросын цаг тооллоор тэмдэглэж байсан өдөр судрыг шинэчлэн тогтоох нь зүйд нийцнэ гэж үзэж байна.

Тухайлбал, төрийн соёрхолт, түүхч, профессор О.Батсайхан бүтээлдээ Орос-Монголын Найрамдлын гэрээ байгуулсан он сарыг 1912 оны 10-р сарын 21-ний өдөр гэснийг 11-р сарын 3 гэж шилжүүлэн тооцсон байдаг. Түүхчид шинжлэх ухаанчаар хандаж байгаа нь тэр. Энэ бүхнээс улбаалан “Шинэ толь хэмээх бичиг” сонин 1913 оны 3-р сарын 6-нд хэвлэгдсэн нь түүхэн үнэн боловч шинэ тоололд шилжүүлэн тооцдог шинжлэх ухааны жишгийг дагавал энэ нь 3-р сарын 19-ний өдөр болохыг дагахаас өөр аргагүй юм.

Монголын хэвлэлийн үүссэн өдрийг ёсчлох санаачилга

Манай сэтгүүл зүй судлаачид 1913 оны 3-р сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин гарсан өдрөөр баримжаалан монголд сэтгүүл зүй үүссэн өдрийг 3-р сарын 6-нд гэж тогтоосон байдаг. Энэ нь тэд 1918 оны цаг тооллын өөрчлөлтийг харгалзан үзээгүй явдал юм. Тиймээс бид цаашид дэлхий нийтийн хандлага жишгийг дагаж европын он тоололд нийтээр шилжсэн соёлыг хүндэтгэн Орос тооллын 3-р сарын 6-ны өдөр хэвлэгдсэн “Шинэ толь хэмээх бичиг” сонины мэндэлсэн өдрийг 3-р сарын 19-нд болгон шилжүүлэн тооцож, монголын хэвлэлийн төрсөн өдрийг мөн тэгэж тэмдэглэх нь зүйд нийцнэ. Бид өөрсдийн гаргасан алдааг залруулан зөв голдиролд оруулах нь чухал байна.

Монголын сэтгүүл зүйн үүссэн өдрийг манай судлаачид 1913 оны 3-р сарын 6-ны өдөр гэж бүгд хүлээн зөвшөөрдөг. Доктор Г.Дэлэг анхлан энэ өдөр монголд тогтмол хэвлэл бий болжээ гэж үзсэн цагаас хойш сэтгүүл зүйн түүчид бүгд л дээрх үзэл баримтлалыг дагаж ирсэн байна. Судлаач Л.Норовсүрэн, Т.Баасансүрэн нарын судлаачдын бүтээл болон бусдын өгүүлэл, бүтээлээс энэ бүхэн тов тодорхой харагдах боловч сүүлийн үед өөрөөр үзэх нь зөв гэсэн хандлагыг судлаач, доктор Б.Галаарид дэвшүүлсэн байгааг бид зөв гэж үзэж байна.

shine_toli9 Шинэ толь хэмээх бичиг сонины есдэх дугаар

Монголын хэвлэлийн өдрийг тэмдэглэх, ёсчлох тухай санаачилга ардчиллын он жилүүдийн эхэнд дэвшигдэн гарч, тухайн үеийн сэтгүүлчдийн байгууллага энэ асуудлыг нухацтай хэлэлцэж байсан хэдий ч өдөр судрын зөрүүг тооцож үзэлгүй явсныг түүхэн үйл явдлууд гэрчилнэ.

Хэвлэлийн өдөртэй болгох ажлыг анхнаас нь санаачилан идэвхийлэн зүтгэсэн Т.Баасансүрэнгийн хүчин чармайлтаар 3-р сарын 6-ны өдрийг Монголын сэтгүүл зүйн мэндэлсэн өдөр болгосон хэдий боловч нөхцөл байдлыг дахин нягтлан үзэж, шинэчлэн тогтоох нь зөв гэсэн саналыг бид дэвшүүлж байна.

Монголын хэвлэлийн өдрийг анх бий болгох санаачилгын талаар судлаач, доктор, профессор Т.Баасансүрэнгийн бичсэнээс харвал “... Монгол улс, түүний тусгаар тогтнолын төлөө хоёргүй сэтгэлээр туйлбартай зүтгэж, Монгол эх орондоо шинэ цагийн соёл, боловсрол, шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэх гайхамшигт үйлсийг оройлон манлайлагчдын нэг Ж.Цэвээний үүсгэн байгуулсан “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан 1913 оны 3-р сарын 6-ны өдөр Монголын түүхэнд алтан хуудас болж мөнхрөн үлджээ. Ардчилал, шинэчлэлийн үйс дэлгэрэн цэцэглэсэн 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдсан МСХ-ны VII их хуралд оролцогч Монголын сэтгүүлчид хоёрхон заалттай нэгэн чухал санал дэвшүүлсэн юм. “Монголын хэвлэлийн өдрийг тэмдэглэж байх тухай” гэсэн гарчигтай энэхүү баримт бичигт:

Нэг. Түүхэн үнэнийг хүндэтгэн тогтоох зарчмыг эрхэмлэн сэтгүүлчид, олон түмний санал бодолд тулгуурлан монголчууд бие даан 1913 оны 3-р сарын 6-наас эхлэн 1914 оны 8-р сарын 21 хүртэл нийслэл хүрээнээ гаргаж байсан “Шинэ толь хэмээх бичиг”-ийг Монгол үндэсний тогтмол хэвлэлийн анхдагч гэж үзэж, жил бүрийн 3 дугаар сарын 6-ныг Монголын хэвлэлийн өдөр болгон тэмдэглэж байх санал дэвшүүлж байна.

Хоёр: Алив тэмдэглэлт өдрийг тогтоох асуудлыг төрөөс шийдвэрлэх журам гарсан тохиолдолд энэхүү саналыг үндэслэн тухайн цагт нь дээд газрын шийдвэр гаргуулахыг Монголын сэтгүүлчдийн холбооны удирдлагад зөвлөж байна” хэмээн тэмдэглэжээ.

Энэхүү сэтгүүлчдийн их хуралд бибээр өөрийн биеэр суулцаж хамтран зүтгэгч Ц.Мөнхжаргал, Л.Норовсүрэн зэрэг сайн нөхдийн хамт санал төсөл боловсруулалцаж байсан билээ...”[7] гэж тэмдэглэсэн байна. Саналыг гаргасан хүмүүс 3-р сарын 6-ны өдрөөр тогтоох тухай өргөн мэдүүлж байжээ. Гэвч тухайн үед төдийлөн дэмжлэг аваагүй байна.

 

Гэсэн хэдий боловч доктор Т.Баасансүрэн тус саналаа ажил хэрэг болгох аятай цагийг хүлээж, идэвхийлэн хөөцөлдсөн хэвээр байсан бөгөөд 2009 онд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн дэд ерөнхийлөгчөөр Т.Баасансүрэн[8] ажиллах болсон үедээ уг асуудлыг дахин тавьж, 3-р сарын 6-ны өдрийг Монголын сэтгүүлчдийн өдөр болгон албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлэх болсоор 10 жил өнгөрчээ.

Хэдийгээр 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр нь түүхэн үнэн боловч тухайн үеийн он цаг тооллыг Оросын Юлийн тооллоос европ дахины дагаж мөрдөж байсан Григорийн тоололд шилжүүлэн тооцох болсон түүхэн баримтыг харгалзан үзээгүйгээс болж алдаа гарсан байна. Иймд бид дэлхий дахины нэгдсэн цаг тооллыг баримтлан түүхэн үйл явдлын цаг хугацааг шилжүүлдэг олон улсын жишгийг мөрдлөг болгох нь зүйд нийцнэ.

Дүгнэлт

  1. 1913 оны 3-р сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” хэвлэл анх гарсан нь түүхэн үнэн хэдий боловч 1918 оны 1-р сарын 30-наас Зөвлөлт улс Европын тоололд шилжсэн түүхэн баримтыг үндэслэн 1913 оны 3-р сарын 19-нд хэвлэн гаргасан гэж нийтээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна.
  2. Үүнийг баримтлаж, цаашид Монголын сэтгүүл зүйн өдрийг 3-р сарын 19-нд тэмдэглэж байх нь зүйд нийцэх тул МСНЭ-ийн удирдлагууд даруй анхааран үзэж, засах шаардлагатай байна.

Ном зүй

  1. Баасансүрэн Т., (2011) Ж.Цэвээн бол монголын сэтгүүл зүйг үндэслэгч мөн /илтгэл/, МСНЭ, Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ШУА, Монголын сэтгүүл зүйн үүсэл, хөгжил (Жамсрангийн Цэвээний мэндэлсний 130 жил, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 90 жил, Монголын сэтгүүлчдийн байгууллагын 60 жилийн ойд зориулсан онол, практикийн бага хурал), УБ, 2011. 16-17-р талд.
  2. Галаарид Б. (2018), Монголын чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил, Редактор Ж.Батбаатар, УБ.
  3. Коростовец, И.Я. (2017) Монголчуудын хураангуй түүх [Чингис хаанаас Бүгд найрамдах улсаа байгуулах хүртэл] Орчуулагч Чойнзонгийн Баатар, Хариуцлагатай редактор Л.Энхсайхан. Мон судар, УБ.
  4. https://ru.wikipedia.org/wiki/1918_%D0%B3%D0%BE%D0%B4
  5. Павел Кузенков (2013) “Старый и новый стиль в исторических датах” 23 апреля 2013 г. https://pravoslavie.ru/61003.html
  6. Үржинбадам Д., Сумьяа Я., (2011) “Монголын сэтгүүлчдийн байгууллагын түүхэн замнал”, Улаанбаатар,
  7. Šin-e toli kemekü bičig /tümen jüyil-y badaraγulan eldeb uqaγan-y nebteregülümüy/ terigün debter №1. olan-a ergügdegsen-ü γurbadugar on qoyar sarayin arban qoyar. Oros-un nige mingγan yisün jaγun arban γurbadugar on marta sarayin sineyin jirγuγan-u edüre. mongγol ulus-un neyiselegsen yeke küryen-ü γajar-a keblen γarγabay. /“Шинэ толь хэмээх бичиг” №1. Түмэн зүйлийг бадруулан Элдэв ухааныг нэвтрүүлмүй. Тэргүүн дэвтэр. Олноо өргөгдсөний гуравдугаар он хоёр сарын арван хоёр, Оросын нэг мянга есөн зуун арван гуравдугаар он март сарын шинийн зургааны өдөр. Монгол улсын нийслэсэн Их хүрээний газар хэвлэн гаргав/ х-57.

Эшлэл зүүлт

[1] Šin-e toil kemekü bičig /tümen jüyil-y badaraγulan eldeb uqaγan-y nebteregülümüy/ terigün debter №1. olan-a ergügdegsen-ü γurbadugar on qoyar sarayin arban qoyar. Oros-un nige mingγan yisün jaγun arban γurbadugar on marta sarayin sineyin jirγuγan-u edüre. mongγol ulus-un neyiselegsen yeke küryen-ü γajar-a keblen γarγabay. /“Шинэ толь хэмээх бичиг” №1. Түмэн зүйлийг бадруулан Элдэв ухааныг нэвтрүүлмүй. Тэргүүн дэвтэр. Олноо өргөгдсөний гуравдугаар он хоёр сарын арван хоёр, Оросын нэг мянга есөн зуун арван гуравдугаар он март сарын шинийн зургааны өдөр. Монгол улсын нийслэсэн Их хүрээний газар хэвлэн гаргав/ х-57.

[2] Коростовец, И.Я. (2017) Монголчуудын хураангуй түүх [Чингис хаанаас Бүгд найрамдах улсаа байгуулах хүртэл] Орчуулагч Чойнзонгийн Баатар, Хариуцлагатай редактор Л.Энхсайхан. Мон судар, УБ. 330-р талд.

[3] Галаарид Б., (2018) Монголын чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшил, Редактор Ж.Батбаатар, УБ, 33-р талд.

[4] https://ru.wikipedia.org/wiki/1918_%D0%B3%D0%BE%D0%B4

[5] https://pravoslavie.ru/61003.html Павел Кузенков “Старый и новый стиль в исторических датах” 23 апреля 2013 г.

[6] https://pravoslavie.ru/61003.html Павел Кузенков “Старый и новый стиль в исторических датах” 23 апреля 2013 г.

[7] Баасансүрэн Т., (2011) Ж.Цэвээн бол монголын сэтгүүл зүйг үндэслэгч мөн /илтгэл/, МСНЭ, Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ШУА, Монголын сэтгүүл зүйн үүсэл, хөгжил (Жамсрангийн Цэвээний мэндэлсний 130 жил, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 90 жил, Монголын сэтгүүлчдийн байгууллагын 60 жилийн ойд зориулсан онол, практикийн бага хурал), УБ, 2011. 16-17-р талд.

[8] Үржинбадам Д., Сумьяа Я., (2011) “Монголын сэтгүүлчдийн байгууллагын түүхэн замнал”, Улаанбаатар, 379-р талд.