Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлэв.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын нэгний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 599 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 290 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 309 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Мэдүүлэг гаргах албан тушаалд нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулалгүй томилох зөрчил гаргасан долоон албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай шаардлагыг хүргүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 66 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож Увс аймгийн төрийн байгууллагын нэр бүхий зургаан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлсэн байна.
Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 46 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг дарга “Г” нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, зээл, авто тээврийн хэрэгслийг худал мэдүүлсэн нь холбогдох бичгийн баримтуудаар тогтоогдсон тул түүнд хариуцлага тооцуулахаар Дорнод аймгийн Засаг даргад шаардлага хүргүүллээ.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар