Л.Сайнбаяр: Амьдарч дадсан цагт л залуу нас минь дуусна
 Л.Сайнбаяр: Амьдарч дадсан цагт л залуу нас минь дуусна

Англи улсын Skegness хотоор аялаж байх үеэр /2021 он/

Тэврэлт үгнээс хүчтэй, хүний дотоод сэтгэл рүү дүүртэл мэдрэгдэж чаддаг зүйл. Нэг үгээр тэврэлт бол өндөр тунтай тайвшруулах эм.

Урин цаг наашилж буй ч Улаанбаатар хотод хүйтний эрч сулрах шинжгүй хахир байна.  Энэ жижиг хотын хаа нэгтээ найрагч залуус гэгээн мөр татуулсаар, тэд ч өөрсдийнхөө хамгийн дулаан хэмээн бодож буй нөмөр нөөлөгтөө манант хотын өдрүүдийг барсаар буй. Амь болж, дотор дулаацуулсан яруу найргаар өөрийгөө дүүргэж буй залуус олон. Цаг товлож, зав гарган шүлэг уншиж, дугуйрч суудаг тэдний дундаас монголын яруу найргийг өнгөлж яваа эрхмүүд мэндэлж, бойжиж байдаг. Саяхан анхны шүлгийн түүврээ эмхэтгэсэн залуу найрагч, сэтгүүлч Л.Сайнбаяртай ярилцсанаа та бүхэнд хүргэе. 

-Сайн байна уу? Хоёулаа ярилцлагаа таны бага наснаас эхэлье. Та бага насныхаа талаар ярина уу?

-Багадаа ээжтэйгээ нар жаргах агшинд туяаг нь уруудан гэрийн зүг алхахад сүүдэр минь их л том харагддаг байж билээ. Тэгээд ээжээсээ “Би удахгүй том агаа болно тэ?” гэж асуусаар гэртээ ирдэг сэн.  Аав минь бурхан болж, би өвөө эмээтэйгээ өссөн. Хөдөө өссөн хүүхдийн амьдрал ямар байдаг билээ, тэгж л өссөн.  Хурдан морь унаж, эмнэг сургаж өссөн дөө.

-Таны гэр бүлээс шүлэг, яруу найраг бичдэг хүн бий юу?

-Ер нь байхгүй дээ. Гэхдээ манай өвөөгийнд дүүрэн номтой, хуучны орос хүрэн шүүгээ байдаг байсан юм. Тэр жижиг шүүгээний буянаар С.Эрдэнийн “Холбоо гурван тууж”, “Малын хөлийн тоос” гэх мэт бүтээлтэй анх танилцаж байлаа. Бас “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гэж гоё ном байсан. Түүнийг эргүүлсээр өдөр өнгөрчихнө. Ээж маань ярьдаг юм “Үүрээр сэрчхээд, цээжилсэн шүлгээ уншаад, суучихдаг хүүхэд байсан” гэж. Үүнээс үүдэж  намайг “Том болоод бичиг номын хүн болоорой” гэж ерөөж байснаа саяхан надтай хуучилж суухдаа хэлж байсан.

-“Ганц Ар Тал” номд өмнөх үг бичигдээгүй харагдсан. Уг нь та яруу найргийн хүрээлэлд олон сайхан багш, ах нар, найз, нөхөдтэй хүн. Гэтэл яагаад өмнөх үг бичүүлээгүй юм бэ?

-Би их сонин нөхөр л дөө /инээв/. Үеийн яруу найрагч найзууд маань шүлгийн түүврээ аль оюутан байхдаа гаргачихсан байхад би гэдэг хүн амьдрал хөөгөөд явчихсан. Ганц гоё дуу зохиочхоод, өөрөө л сонсоод яваад байвал муухай шүү дээ. Тэгж бодоод тун орой анхны түүврээ гаргалаа. Яах вэ, өмнөх үг бичүүлбэл зүгээр л дээ. Гэхдээ миний мэдэрч, сүнсээ тэжээж, амьдарч буй ертөнцийг хэн нэгэн уншаад, над шиг ойлгож, дүгнэнэ гэдэг хэцүү л санагддаг. Бас би их зожиг хүн байж мэднэ. Дараагийн удаа өмнөх үг бичүүлнэ ээ. Анхны номоо хэвлүүлэхдээ бүгд л туршлагагүй байдаг бололтой. Нээрээ л олон сайхан ах нар, багш нар минь байгаа шүү дээ.

-Номын төгсгөлийн хуудсан дээр “Намайг түшсэн сэтгэл бүхэнд зориулав” гэж бичсэн байсан. Нээрээ л номд багтсан ихэнх шүлэг  хүмүүст зориулагдсан харагдсан. Та тэр олон хүнд талархлаа номоороо дамжуулж хүргэж байна гэж ойлгож болох уу?

-Хүмүүсийн хайран дунд 26 нас хүрлээ. Гэхдээ олон дунд ганцаардах мэдрэмж миний дотор одоог хүртэл амьдарсаар байна. Хүний амьдрал адармаатай байгаа шалтгаан нь хүмүүс нэгнээ ойлгодоггүйд  л байгаа юм. Чамайг өөрөөс чинь өөр хэн ч 100 хувь ойлгож чадахгүй. Миний дотоод сэтгэл бусдын төлөө байжээ гэж дүгнээд байгаа юм л даа. Өөрийгөө ойлгож чадахгүй байгаа минь миний ганц ар тал. Хамгийн сонин нь ганц ар тал үргэлж дотны сайн найз шиг байсаар ирсэн. 

-Хүнд хэцүү үед сэтгэлийн халуун үгээр тэврэх шиг сайхан зүйл байхгүй биз?

-Ямар ч үгнээс илүү зүгээр л тэврэх, тэврүүлэх шиг сайхан зүйл байхгүй гэж боддог. Тэврэлт үгнээс хүчтэй, хүний дотоод сэтгэл рүү дүүртэл мэдрэгдэж чаддаг зүйл. Нэг үгээр тэврэлт бол өндөр тунтай тайвшруулах эм. 

-“Нүдэн хуй” нэгдлийн талаар яриа дэлгэнэ үү?

-СУИС, Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйлангийн залуус нэгдэж, 2017 оны “48 цаг” кино наадамд оролцох нэрийдлээр байгуулж байлаа. Дараа нь 2018 онд “Хүчирхийлэл шашин мэт дэлгэрч байна” гэх уриатай “Чишш” нэртэй кино хийж байлаа. Сонирхолтой нь 2017 оны “48 цаг” кино наадамд зориулан бүтээсэн кино маань миний хорин насны төрсөн өдрөөр УИД-ийн кино театрт гарч байлаа. Дурсамж л дурайгаад үлддэг ажээ.429839459_1108021763682426_4377407919633133426_n Залуу нас нэгдэл /2018 он/

-Тэгвэл Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” утга зохиолын дугуйлангийн талаар? 

-Биднийг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан ах цуглуулж, залж байсан. Сургууль бүрээс яруу найрагт дуртай залуус цугларсан, жинхэнэ залуу насаараа гоёсон үе тэнгийнхэн байсан даа. Ерөнхийдөө утга зохиол, яруу найргийн тухай халуун яриа өрнөнө. Сургууль бүрээс цугларсан оюутан, залуус тэнд нэгнээ олж, залуу насаараа гоёх шиг омголон, галзуу явцгаасан даа. Ер нь бол бидний залуу нас тэнд л халуун байсан. Дугуйлан баасан гараг бүрийн орой болно. Тараад бид хотын гудмаар Ц.Доржсэмбэ, А.Эрдэнэ-Очир, Ц.Батбаатар ах нарынхаа шүлгийг хоороороо уншсаар тарж оддог сон.  Бараг долоо хоногийн таван өдөр, таван өөр сургуулийн Дугуйланд очдог байсан. Дэлхий хүртэл цээжинд багтахгүй омголон үе байсан даа. Хэнд ч харьяалагдахгүй, юуг ч үл тоох галзуу үе. 2020 оны намар манай нэгдэл анхны шүлгийн түүвэр болох “Дөт”-өө хэвлүүлсэн.  

-Хараад байх нь ээ яруу найрагт хайртай олон залуус амьдралын аахар, шаахар асуудлаас болж утга зохиолоос холдож байна. Танд шүлэг бичихээ болимоор санагдаж байсан үе бий юу?

-Байсан. Орхимоор үе цөөнгүй бий. Гэхдээ яруу найраг, ганц ар талаараа би сүнсээ тэжээдэг. Миний тайван байх гэр, орон бол яруу найраг. 2019 онд Англи улс руу явсан. Хүмүүс хүний газар очихоор их шүлэг зохиол бичдэг гэдэг юм билээ. Надад тийм зав, хүсэл огт төрөөгүй. Гэхдээ яруу найраг намайг амьдруулах шидтэй санагдаад, үе үе өврөөсөө хайдаг. 

426152823_697767402556089_598821614530492017_n Лондон хотын "London Bridge" /2019 он/

-Таныг Англид байхад цар тахал дэлгэрч байсан юм байна шүү дээ. Хүний нутагт хэцүү л байсан байх даа?

-Бүх зүйл царцчихсан үе байсан. Сэтгэл гутралд нэрвэгдсэн дээ. Гэхдээ хүн энэ өвчнийг өөрөө л даван туулж, эдгээдэг юм билээ. Ер нь жаахан эмзэг, гутрангуй хүн л дээ би. 

-Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Хамгийн эмзэг хүн яруу найрагч болдог” гэж хэлсэн байдаг. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Тийм. Эмзэглэж мэддэггүй хүнээс хэл ам урчих гэсэн хад чулуу шиг л шүлэг гарах байлгүй дээ. Угаас зөөлөн сэтгэлтэй байхгүй бол бичиж чадахгүй байх шүү. Амьдралын нарийн төвөгтэй бүхнийг мэдэрч хүний өмнө дэлгэнэ гэдэг эмзэг, зөөлөн хүний л хийх ажил. 

Шүлэг бичихээр өөр рүүгээ ойртоод байгаа юм шиг санагддаг. Эсвэл өөртэйгөө ярилцаж байгаа юм шиг.

8bbf21d8-67af-4678-b90f-8cce186b2494 Яруу найрагч Л.Сайнбаярын дуртай дуучин Виктор цой түүний шүлгийн түүврийг уншиж буй дүрслэлээр AI технологи ашиглан зуруулав. 

-Таныг Виктор цойд дуртай гэж сонссон. Цойгийн уран бүтээлтэй анх хэрхэн танилцаж байв?

-Г.Барсболд найзынхаа

"Пансан алчуурны хээ шиг гоёмсог ѳдрүүдэд
Пянзных нь аялгуунаас хамгийн уянгалаг нь эгшилдэг
Виктор Цойн дуунд хайртай, арван тавтайчууд
Манай гудамжинд амьдарсаар л байгаа..."

шүлгийг уншаад, анх танилцаж байлаа. Анх дуунуудыг нь сонсоод хайж байсан мэдрэмжүүдээ олчих шиг л санагдсан.

-Тэгвэл аливаа дууны шүлгэнд нь дурлаж сонсдог уу.Эсвэл аянд нь дурлаж сонсдог уу?

-Хүн авах ёстой юмаа л авч байгаа юм. Тухайн үед надад үг нь хэрэгтэй бол үгийг нь төвлөрч сонсоно. Заримдаа хөг аяз хэрэгтэй бол хөг аязыг л мэдэрнэ. 

429643878_1140403226854242_6868103321168680144_n Яруу найрагч Э.Булган, Ц.Доржсэмбэ нарын хамт /2018 он/

-Ц.Доржсэмбэ гэх яруу найрагч “Залуу нас”-ыхантай их ойр байсан санагддаг. Түүний  талаар ?

-Одоо хүртэл Сэлбийн гүүр, Спортын ордны урдуур алхахаар Сэмбэ ахтай тааралдах юм шиг санагддаг. Эртний танил мэт санагддаг байсан. Сайхан хүн. Би түүнийг худлаа амьдраагүй гэж боддог. Бидний ах нарын үе түүнтэй дотно байсан. Бидний үе ч ялгаагүй ээ. “Залуу нас” дугуйлан дээр ирж биднээс “татаас” авдаг нь ёс байсан даа. Муугаар хэлж байгаа юм биш. Бид ч түүнтэй таарах их дуртай байсан. Оюутан хүүхдүүд бид чинь байгаагаа л түүнд барьчихна. Сүүлд сургуулиа төгсөөд ажил хийж, цалин авдаг болов. Цалин буунгуут, түүнтэй таарчих юм сан гээд хайх шахуу явхад огт таарахгүй. Харин халаас хоосон явхад үргэлж таарахыг нь яана. Тийм сонин, сод хүн амьдарч байсныг гэрчилье.

-Та МУБИС-ийг төгссөн шүү дээ. Тус сургуулийн утга зохиолын нэгдлийн талаар ярина уу?

-МУБИС-ийн Утга зохиолын нэгдэл их гоё дугуйлан. Сүүлд 2017 онд Г.Барсболд найзтайгаа хоёулахнаа дугуйрч байсан үе ч бий. Тэндээс л өдий зэрэгтэй болсон гэж өөрийгөө өргөн боддог.

-Номынхоо нээлтийн үеэр та “Намайг хайрлаж түшдэг хоёр сайхан Содномпил гэх өвөө бий” гэсэн. Эдгээр эрхмийн талаар ярьж болох уу?

-Манай өвөөгийн төрсөн дүү Г.Содномпил гэж буурай бий. Хүмүүс 13-ын тоонд дургүй юм билээ. Харин би дуртай. Миний өвөө 13 тоотод амьдардаг юм л даа. Г.Содномпил өвөөтэйгөө есөн жил хамт амьдарсан. Их сайхан хүн бий. “Ганц Ар Тал” номдоо багтаасан

“Энхболдын зам, 22 дугаар хороо
Энд өвөө минь удаан амьдарсан юм
Эгц өгсөөд огцом эргэдэг  гудамж бүрд нь

-Энгийн амьдрал үргэлжид нэг чигийн урсгалтай” гэх шүлгээ би өвөөдөө зориулж бичсэн юм. Оюутан ахуйдаа СУИС-ийн Бадрангуй ай дугуйлан дээр “Со” багштайгаа танилцаж байлаа. Хүний хайрыг ихэд татсан, нүдэнд дулаахан хүн. Одоогийн залуучуудад их тус болж байгаа агуу ихээ мэддэггүй, агуу хүн дээ. Хоёулаа 73 настай, хөнгөн шингэн хүмүүс дээ. 

-Та аялах дуртай юу?

-Сайхан аялмаар л байна. Хэний ч мэдэхгүй, хэний хөл тавьж байгаагүй л газар очихыг хүсдэг. 

-Хэний ч хөл тавьж байгаагүй газар таны дотоод сэтгэл юм биш үү? 

-Тэгж хэлж болох л юм. Би хэзээ ч дотоод хүнтэйгээ дотно байгаагүй юм билээ. Үргэлж л тэмцэлдэж, нэгнээ өдөөн хатгалцсаар ирж. Миний эцсийн хүсэл бол насны эцэст арван үнээ худалдаж аваад, эмгэнээ хөтлөөд хөдөө явж амьдрах л юм.  

-Номын хавтасны зураг хөнгөн хэрнээ нэртэйгээ тун уялдсан санагдсан. Хэн зурсан бэ? 

-Т.Яруусайхан гэдэг дүү минь зурж өгсөн. Номын редактор М.Дэвээжаргал дүүгийнхээ буянаар л түүнтэй танилцсан хэрэг. Анх гараараа зурж, санаагаа ойлгуулсан. Тэндээс л зурагдсан зураг.

-Редакторын гар их орсон уу?

-Их цавчуулсан даа /инээв/. Гэхдээ цавчлаа гээд шүлэг минь шүлгээрээ үлдэж, мэдрэмж минь мэдрэмжээрээ торойж үлдэх ёстой гэдгийг мэдэж байсан болохоор харамсах сэтгэгдэлтэй үлдээгүй. 

-Хүмүүс өнгөрсөн үе рүүгээ буцвал гэж их ярьдаг. Та өнгөрсөн рүүгээ буцахыг хүсдэг үү?

-Өнгөрсөн рүүгээ очихыг хүсдэггүй. Угаас болох ёстой зүйлс болоод л өнгөрсөн шүү дээ. Гол нь муухай зүйл хийсэн бол түүнийгээ давтахгүй байх хэрэгтэй. 

-Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Багадаа машин хараад л жолооч болно, эмч хүн хараад эмч болно гэж боддог хүүхэд байлаа. Манай ах дүүс дунд багш хүмүүс  олон бий. Тиймээс ч  багш болно гэж бас их боддог байжээ. Аймгаасаа монгол хэлний оноогоороо багшийн анги авна гэж төлөвлөсөн ч дуусчихсан. Харин МУИС-ийн утга зохиол судлал, МУБИС-ийн сэтгүүлзүйн хуваарь үлдсэн байсан. Тэгээд л сугалаад шахуу сэтгүүлч болсон доо. Гэхдээ одоо мэргэжлээрээ ажиллаж байна. Сэтгүүлч бол сайхан мэргэжил. Олон хүнтэй танилцана. Өөрийн сонирхлоор хийж болдог ажил. Эмч хүн өөрийн үзэмжид нийцүүлж эмчлэх хүнээ сонгодоггүй шүү дээ. Харин би өөрийн сонирхсон чиглэлээрээ мэдээ мэдээлэл бэлтгэж чадна. Эрх чөлөөтэй ажил л даа. Тэр нь надад их сайхан санагддаг.

-Та хэр ном уншдаг вэ?

-Надад унших дадал суугаагүй. Гэхдээ унших ёстойгоо уншаад л өдийг хүрсэн. Таарсан болгоноо уншина гэдэг бас утгагүй явдал. Хүний тархи хогийн сав биш хойно. Өөрийн нэг тэнэг бодлоо хэлэхэд уншихыг би хулгай гэж боддог. Унших бол нэг төрлийн хулгай. Аль өмнө уншсан, сайхан мэдрэмж, үгээ хэзээ нэг өдөр биччихдэг л байх гэж би боддог. Үүний оронд хүнтэй ярилцаж, газар үзэж, амьдралын эгэл жирийнийг хуулаад сууж байсан нь дээр биз. Гэвч унших ёстой гэдэг үнэн л дээ. 

-Номын нээлт хэр санагдсан бэ? Нээлт хийлгүйгээр номоо гаргана гэж байсан гэсэн.

-Би олон хүний хөлөөс хол байх дуртай хүн л дээ. Гэхдээ тэр өдөр маш олон хүн намайг хүндэлж ирснийг хараад сэтгэл огшсоор байсан даа. Олон хүний хайр, хүндлэл, мялаалгын шүлгийг сонсож суух сайхан байсан.  

-Та залуу насаа хэр хайрладаг хүн бэ? 

-Дийлэнх хүмүүс залуу насаа мэдэрч амжилгүй өтөлдөг гэж би ойлгодог. Тийм болохоор эргээд залуу болохыг мөрөөддөг ч байж мэднэ. Миний хувьд амьдарч дадах үед минь л залуу нас дуусна даа. Тэгэхээр хэзээ ч би өтлөхгүй, эсвэл маргааш ч би өтөлж болох юм.