Гэрэл зургийн эх сурвалж: Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб
“Монголын боловсролын хувирган өөрчлөлт” сэдэвт хоёр өдөр үргэлжлэх үндэсний чуулган өнөөдөр Соёлын төв өргөөний их танхимд эхэллээ.
Энэхүү чуулганаар дэлхийн улс орнуудад өргөн хүрээнд яригдаж байгаа “Transforming education” буюу Боловсролын хувирган өөрчлөлтийг Монгол Улсад хэрхэн ойлгох, тайлбарлах, хэрэгжүүлэх тухай олон салбарын төлөөлөл хэлэлцэж байгаа юм. Улмаар боловсролын хувирган өөрчлөлт болон сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, суурь үндэслэлийг олон нийтэд таниулах, зөвшилцөх, тунхаглах зорилготой ажээ.
Боловсролын салбарын мэргэжилтнүүд “Монголын боловсролын хувирган өөрчлөлтийг даяаршлын хандлагатай, үндэсний онцлогтойгоор хийнэ. Монголынх гэдэг онцлог, уламжлал, соёл, хэл, хамгийн гол нь монгол сэтгэлгээг үнэт зүйлээ болгоно” гэж тодорхойлж байгаа юм.