Lotus coffee house-ын төв заалан дахь хөгжмүүд /Гэрэл зургийг Х.Нуржанат/
Өглөөний цайг өөртөө, өглөөний цайгаа заавал уу, өглөөний цайнаас эрүүл мэнд эхэлнэ зэргээр хэлэлцдэг. Гэтэл нийслэлчүүд түгжрэлээс урьтаж ажил, хичээлдээ яарсаар, өглөөний унд уух цагаа зам дээр өнгөрүүлчихдэг, ихэнхдээ. Ажил руугаа орохоосоо урьтаад халуун цай, кофе ууж, хөнгөн хооллочхоод өглөөг эхлүүлбэл сэтгэл санааны байдал, ажлын бүтээмжид ч эергээр нөлөөлөх нь дамжиггүй. Гэвч Улаанбаатарт өглөө эрт нээдэг цай, кофены газар тун ховор. Харин бид 06:00 цагт нээдэг, үйлчлүүлэгчдэдээ зориулан хөгжим тоглож, халуун кофе, өглөөний цайгаар үйлчилж, эерэг дулаан сэтгэгдэл бэлэглэдэг “Lotus coffee house”-г сурвалжиллаа.
Пянз тоглуулагч болон "San juniper" хамтлагийн анхны пянз гэрэл зурагчин Х.Нуржанатын дуранд
Биднийг тус газрын захирал, Б.Баярцэнгэл угтав. Шинжлэх ухааны, уран зохиолын номууд өрөөстэй тохилог тавиур хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Намуухан ая, кофены зөөлөн үнэрт орж ирээд л дулаацах шиг санагдана. Ханан дээрх хөгжмийн ноотны тэмдэглэгээ, пянз тоглуулагч, хөгжмийн зэмсгүүд нь энэ кофе шопын захирал “San juniper” хамтлагийн хөгжимчин Б.Баярцэнгэл гэдгийг илтгэх мэт. Ихэнх кофе шоп хоёроос цөөн өнгө дагнан тохижуулсан байдаг бол "Lotus coffee house"-д бүх өнгө бий. Яг л хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжийг илэрхийлэхийг зорьсон мэт хана бүр нь өөр өнгө, анхаарал татах тод, өнгөлөг зургууд өлгөөтэй. Буйдан сандал нь казах үндэстний хээ угалзан чимэгтэй нь донжтой. Европ хэв маяг, монгол ахуйг энэ цагийн хүмүүсийн хүсэл сонирхол, тав тухад нийцүүлэх нь өндөр мэдрэмжийн хэрэг билээ.
Содон хослол бүхий "Lotus coffee house"-ын төв заал
Б.Баярцэнгэл “Дөрвөн жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Анх эхлүүлхэд л сайхан эерэг энергитэй газар байсан. Би ер нь олонх хөгжмөө кофе шопт зохиосон. Ихэвчлэн л кофе шопт офисслоод суудаг байсан. Тэгээд ер нь өөрийн гэсэн газартай болъё гэж шийдээд энэ кофе шопоо нээсэн юм. Мэдээж бизнес юм чинь өрсөлдөгчдөөсөө ялгарах онцлогтой байх хэрэгтэй. Тиймээс бид өглөөний хүмүүс болж, эртэч хүмүүст зориулж ажилладаг” гэж ярьсан. Тэдний оргил ачааллын цаг өглөөний 06:00 цагаас их үд хүртэл. Тавдугаар сургуулийн хажууд учир өглөө эрт хүүхдээ хүргэсэн эцэг, эхчүүд тэдний үйлчлүүлэгчдийн цөм ажээ.
Кофе шопт өөр өөрийн орон зайг эзлэн байх төгөлдөр хуур, үкүлэлэ, гитар зэрэг хөгжим дуулах, хөгжим тоглох авьяас, сонирхолтой бариста нарынх. Кофе бэлтгэж, хөгжим тоглож, дуртай дуугаа дуулангаа ажиллана. Захирал, бариста нар хамтран өөрсдийн тоглолтоо хийнэ. “Амттай кофегоор үйлчилж, сайхан ая сонсгож, өглөөг, өдрийг сайхан эхлүүлж өглөө” гэдэг сэтгэгдлийг үйлчлүүлэгчдээс байнга авна.
"San juniper" хамтлагийн хийлч, "Lotus coffee house"-ын захирал Б.Баярцэнгэл
Б.Баярцэнгэл "Бидний дунд ажил олгогч, ажилтан гэх ялгаа байдаггүй. “Lotus coffee house”-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй, эергээр авч явахаар нэгдсэн нөхөрлөл гэж өөрсдийгөө тодорхойлох дуртай" гэсэн. Тэднийд өмнө нь ажил хийж үзээгүй, эсвэл үйлчилгээний газар ажиллаж байгаагүй залуус ч бий ажээ. Олон залуу хүний ажил хөдөлмөрийн, амжилтын суурь нь болж буй байгууллагын хувьд өөрийгөө хөгжүүлэх, өөрт нь хэрэгтэй ямар нэгэн зүйл сураад аваасай гэж хүсдэг учраас бүгд л бие биедээ эергээр үлгэрлэхийг зорьдог ажээ.
Ажил нь сайн уу? Нөгөө кофегоо захиалъя, Танайх хүн ихтэй байна уу? гэх мэт яриа үйлчлүүлэгч, бариста нарын дунд өрнөх нь байнгын үйлчлүүлэгчид гэдгийг илтгэнэ. Хүмүүсийн сайн мэдэхээр “Хүнсний нэгдүгээр дэлгүүр”-ийн автобусны буудлын ард орших энэ газар чимээ багатай, намуухан, дулаан учраас төвлөрхөд яг таарсан орчин.
Кофе шоп зөвхөн кофе зардаг уу гэвэл үгүй. Хүмүүс зөвхөн кофе уухаар л тийшээ зорьдог уу гэвэл бас л тийм биш. Кофе эсвэл цайнаас гадна хүндлэл, эерэг хандлага, сэтгэл ханамж, дулаан мэдрэмж, өглөөний эрч хүч, урам зоригийг бусдад бэлэглэдэг газрууд манай хотод олон болоосой гэж бодсоор хамгийн эртэч, хамгийн хөгжимлөг кофе шопоос гарав. Зөөлөн хөгжим алсран үлдэж, хоёр хүн зөрөөд орлоо.
Гэрэл зургуудыг: Х.Нуржанат