Гэрэл зургийн эх сурвалж: Len Hochberg
Монголчуудын өндөр жил гэж нэрлэдэг, Аргын тооллоор дөрвөн жил тутамд тохиодог хоёрдугаар сарын 29 өнөөдөр тохиож байна. Энэ өдөртэй холбоотой сонирхолтой, содон мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Мэндэлсэн өдөр
Дэлхийн найман тэрбум хүний таван саяынх нь мэндэлсэн өдөр өнөөдөр тохиодог гэсэн судалгаа байдаг ажээ. Гурван жилийн турш хоёрдугаар сарын 28 эсвэл гуравдугаар сарын 1-ний өдөр төрсөн өдрөө тэмдэглэдэг хүмүүст хорвоод анх мэндэлсэн өдрөө тэмдэглэх боломж дөрвөн жилд ганцхан удаа тохиодог. Харин зарим хүн үүнийгээ мөнхийн залуу насны түлхүүр хэмээн бэлгэшээдэг гэнэ.
Хатагтай нарын эрх чөлөөний өдөр
Ирландад тавдугаар зууны үед хоёрдугаар сарын 29-нийг Bachelor's Day буюу Хатагтай нарын эрх чөлөөний өдөр хэмээж, өөрийн таалагддаг эрэгтэйдээ гэрлэх санал тавьдаг уламжлал байсан гэдэг. Зарим нь зөвхөн “тийм” буюу зөвшөөрсөн хариултыг л авах ёстой гэж үздэг бол эрэгтэй хүн миний саналаас татгалзаж болох ч заавал бэлэг өгөх учиртай гэж итгэдэг хэсэг ч байдаг ажээ.
Салалтын зөн
Грекийн эртний ёс заншлын дагуу бол өндөр жил, ялангуяа энэ өдөр гэрлэх нь азгүй үйл явдал бөгөөд гэрлэсэн хосуудын салалтыг зөгнөдөг гэжээ.
Муу итгэл үнэмшил
Шотландад энэ өдөр төрсөн бол зовлон зүдгүүртэй, саад бэрхшээлтэй амьдралыг туулна гэдэгт итгэж үнэмшдэг хүмүүс байдаг гэнэ. Үүгээр ч зогсохгүй тариаланчдад муу жил гэж үздэг байна. Энэ мэт итгэл үнэмшил, мухар сүсэг нь хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж байгаа нь нийгмийн амьдралд мэдэгддэг гэжээ.
Эцэг эхийн ачийг санах
Тайваньд гэрлэсэн эмэгтэйчүүд төрхөмдөө зочлон эцэг эхдээ гахайн тагалцаг, гоймонтой шөл хийж өгөх уламжлал өндөр жилийн турш өрнөдөг ажээ. Ялангуяа хоёрдугаар сар, тэр тусмаа 29-ний өдөр хамгийн олон удаа энэ явдал болдог байна. Учир нь өндөр настай хүмүүс дөрвөн жил тутамд хорвоог орхих магадлал их байдаг гэж үздэг бөгөөд нас дээр гарсан аав, ээждээ урт нас, эрүүл энхийг хүсэж гахайн тагалцаг, гоймонтой шөл хийж өгдөг гэнэ.
Тусгай сонин
Францад дөрвөн жил тутамд зөвхөн энэ өдөр л хэвлэгддэг “La Bougie du Sapeur” нэртэй тусгай сонин бий. 1980 онд анхны дугаараа гаргаж байсан тус сонин өнөөдөр ч хэвлэгдсэн бөгөөд зөвхөн сонины агентууд болон сонин худалдаалах цэгээр уншигчдадаа хүрч байна. Сониныг Жак Дебюиссон, Кристиан Бейли нар үүсгэн байгуулж байсан бөгөөд францын хамгийн эртний хүүхэлдэйн киноны дүрүүдийн нэг Ле Сапер Камембертийн нэрээр нэрлэжээ. Франц хэлээр гардаг тус сонины 2016 оны хэвлэлт нь анх удаа Бельги, Швейцарь, Люксембург болон Канадад борлуулагдаж байжээ.
Эх сурвалж: bbc, daysoftheyear, livemint, thequint, wikipedia.org