УИХ-ын ээлжит сонгуулийн хэсгийн хороо байгуулах хуулийн хугацаа өнөөдөр дуусч байна. Тодруулбал, Сонгуулийн тухай хуульд сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана гэж заасан.
Энэ дагуу сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал сонгуулийн хэсгээ байгуулж байна. Тэгээд энэ мэдээллээ бүртгэлийн байгууллагад ирүүлсний дараа зарлах аж.
Энэ удаагийн сонгуулийн нэг тойрогт олон хүн нэр дэвших тул саналын хуудас том болж, санал өгөх хугацаа нь өмнөхөөсөө хамаагүй уртсах төлөвтэй байна. Иймээс Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан байдлаар хэсгийн хороог хуулийн дагуу аймаг, дүүрэгт 3000, суманд 2000-аас дээшгүй гэж заасны дагуу энэ хязгаарт тулгахааргүй байдлаар тогтоо гэсэн чиглэл өгсөн. Хэсгийн тоо өмнөх УИХ-ын сонгуулийнхаас нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцолж байгаа юм.