Б.Нямсүрэн: СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт
УИХ-ын ээлжит сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдээд байна. Сонгууль өдрөөс өдөрт ойртож буй энэ үед бэлтгэл ажлаа хэрхэн хангаж буй талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэнгээс тодрууллаа.
- Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?
- Одоогоор хамгийн эхний төлөвлөгөөт арга хэмжээ бол сонгуулийн хэсэг байгуулах ажил байна. Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар сонгуулийн хэсгээ тогтоож байна. Тэгээд энэ мэдээллээ бүртгэлийн байгууллагад ирүүлсний дараа зарлах ёстой.
Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана. (Сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг)
- Энэ удаагийн сонгууль томсгосон тойрогтой болохоор дагаад сонгуулийн хэсгүүд нэмэгдэх үү? Өмнөх сонгуулиас ямар ялгаатай вэ?
- Тойрог гэхээсээ илүү олон хүн нэр дэвшиж байгаа учраас саналын хуудас том болж, санал өгөх хугацаа нь өмнөхөөсөө хамаагүй уртсах төлөвтэй байна. Иймээс Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан байдлаар хэсгийн хороог хуулийн дагуу аймаг, дүүрэгт 3000, суманд 2000-аас дээшгүй гэж заасны дагуу энэ хязгаарт тулгахааргүй байдлаар тогтоо гэсэн чиглэл өгч байна. Тэгэхээр хэсгийн тоо өмнөх УИХ-ын сонгуулийнхаас нэмэгдэж таарна.
- Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа сонгогчид оролцох боломжтой болсон. Гадаадад байгаа хүмүүсийг яаж зохион байгуулах вэ?
- Гадаадад сонгуулийн хэсэг гэж байгуулдаггүй. Тухайн улсад байгаа дипломат корпусын газарт санал авдаг. Эхлээд 4-р сарын 21-нээс өмнө гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв комисс байгуулж, дараа нь 5-р сарын 6-наас өмнө тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд салбар комисс байгуулдаг. Салбар комисс нь тухайн улсад санал авах ажиллагааг зохион байгуулна гэсэн үг. Энэ комисс байгуулагдсаны дараа гадаадад байгаа сонгогчид 6-р сарын 15-н хүртэл хугацаанд би сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлэх ёстой. Ингэхдээ заавал өөрийн биеэр очихгүйгээр утас эсвэл факсаар ч юм уу ямар нэг байдлаар би сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлнэ. Ингээд 6-р сарын 20, 21, 22, 23-ны өдөр саналаа өгнө. Тэгэхээр иргэдийн хувьд өөрийнхөө цаг завыг харгалзаад энэ дөрвөн өдрийн аль нэгт нь ирж, саналаа өгөх боломжтой. Саналыг тухайн орон нутгийн цагаар 07-22 цагт авна.
Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон хоёр, эсхүл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулна. (Сонгуулийн тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19.1 дэх хэсэг)
- Санал авах хугацааг яагаад дөрвөн өдөр болгосон бэ?
- Өмнө нь гадаадад байгаа сонгогчид нэг л өдөр саналаа өгдөг байсан. Гэтэл зарим хүн холоос очиж саналаа өгөх эсвэл ажлын цаг зав нь таардаггүй ч юм уу ийм асуудал гардаг. Ийм болохоор аль болох олон сонгогчийг УИХ-ын сонгуульд оролцуулж, саналыг нь өгүүлэх зорилготойгоор дөрвөн өдөр болгосон гэсэн үг. Гадаад улсад зохион байгуулах санал авах ажиллагаа дөрөв хүртэл өдөр байж болно гэж хуульд заасан.
- Сонгуулийн ерөнхий хороо дангаараа сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулдаггүй. Өөр байгууллагууд чиг үүргийн хүрээнд хамтран зохион байгуулдаг. Бусад байгууллагууд бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа бол?
- Хамгийн чухал оролцогч байгууллага гэвэл мэдээж бүртгэлийн байгууллага байна. Бүртгэлийн байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг бэлэн болгодог. Нэрийн жагсаалтыг бэлэн болгоход Улсын дээд шүүх, Гадаадын иргэн харьяатын газар, Хил хамгаалах газар, Цагдаагийн байгууллага зэрэг газрууд хамтран оролцож байна. Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо болон Үндэсний аудитын газар чиг үүргийнхээ дагуу хамтран ажиллаж, журмууд батална. Энэ журмууд дээр тал талаасаа саналаа өгч, хуулийнхаа дагуу бүгд бэлтгэл ажлаа хангаад явж байна даа.
- Ярилцсанд баярлалаа.