"Орфей" театрын хамт олон Жорж Оруэллийн романаас сэдэвлэсэн "1984" жүжгийг ирэх сарын 21-нээс үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Жорж Оруэлл нь “Амьтны ферм” болон “1984” зохиолоороо Сталины дэглэм, хүйтэн дайны үеийн ЗХУ-ын бодит байдал, аймшигт ирээдүйг нь зөгнөн, уран зохиолын хэлээр дэлхий дахинд хашхирч чадсан нэгэн. “1984” зохиол нь хүйтэн дайны үед өрнөдийн орнуудад маш ихээр зарагдаж, мөн түүний бичсэн "Амьтдын ферм", Артур Кёстлерийн "Үд дундын харанхуй" зохиолуудын хамтаар тоталитар дэглэмийн эсрэг үзлийн туг нь болж байв. Иймээс одоог хүртэл үнэ цэнээ алдаагүй. Магадгүй өнөөгийн нийгмийн үзэгдэл, үйл явцтай зарим талаараа нийцэж мэдэх уг зохиолыг “Орфей” театрын хамт олон тоглох гэж байна.
Энэ тухай Орфей театрын албан ёсны цахим хуудаст “Дэлхий дахиныг шуугиулсан хүчирхэг хашхираан бүхий оюун сэтгэлгээний бүтээлийг Мягмарнарангийн Батболдын найруулснаар “Орфей” театрын хамт олон постдрамын жүжиг болгон 3 дугаар сарын 21-ээс эхлэн орой бүр 19:00 цагаас “Улаанбаатар” зочид буудлын их танхимын тайзнаа үзэгчдийн хүртээл болгоно” гэжээ.
Жүжгийн Уинстон Смитийн дүрд МУГЖ С.Болд-Эрдэнэ тоглох юм байна.