"Оюу Толгой" ХХК болон нэр бүхий гэрээлэгч компаниудын ажилчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар Геологи, уул уурхайн хөгжлийн холбооны тэргүүн Б.Ононхангай мэдээлсэн. Тус асуудал болон үндсэн ажилчдын цалинг яагаад 25-30 хувь бууруулсан талаар Б.Ононхангайгаас тодрууллаа.
-Та нэгдүгээрсард Оюутолгойн гэрээт ажилчдын цалингийн талаар мэдээлсэн. Үүний дараа тус байгууллагаас таныг “манайд ажиллаж байгаагүй” гэх мэдээллийг гаргасан энэ үнэн үү?
- Оюу Толгой" ХХК-иас гаргасан мэдээлэл худал. Хэзээ ч би тус байгууллагаас халагдаагүй. 2017-2020 онд Үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан.
-Мөн "Оюу Толгой" ХХК, "Хасу Мегаватт" ХХК, "Даян контракт майнинг" ХХК, "Энка глобал констракшн" ХХК, "Рэдпаф" ХХК-ийн ажилчид илүү цагаар ажиллаж байгаа талаар нэгдүгээрсард мэдээлсэн. Тус асуудал шийдэгдсэн үү ?
- “Энка глобал констракшн" ХХК тус хэвлэлийн хурлын дараа ажилчдынхаа хэвийн бус нэмэгдэл болон үндсэн цалингаа нэмсэн. Бусад компани одоо хүртэл асуудлаа шийдвэрлээгүй байна. Тухайн үед зөвхөн гэрээт ажилчдын цалингийн асуудлаар мэдээлсэн. Харин өнөөдөр “Оюу Толгой" ХХК-ийн үндсэн ажилчдын эрх ашиг зөрчигдөж буй талаар мэдээллээ. Цалингийн дундаж боддог бүрэлдэхүүнээс нэмэгдэл цалинг хасаж байна. Үүнээс үүдэж ажилчдын үндсэн цалин эрс багасаж байна.
-Гүний уурхайн олборлолтыг тасалдуулахгүйн тулд ажилчдыг илүү цагаар ажиллуулдаг гэсэн. Энэ мэдээлэл үнэн үү?
- Хуульд зааснаар хэвийн бус нөхцөлд найман цаг ажиллах ёстой ч илүү ажиллаж 12 цаг хийж болно. Иймд хэвийн бус нөхцөлд ажилтны үндсэн ажлын цагийг багасгах хуультай байдаг. “Оюу Толгой" ХХК 12 цаг ажиллуулсаар байна. Өнгөц харахад илүү цагаар ажиллаж буй нь ажилтны үндсэн цалин нэмэгдэж байгаа мэт боловч ажилтны өмнө хүлээсэн бусад үүргээ тус компани биелүүлэхгүй байна.
-Тэгвэл ажилчдад хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг олгож байгаа юу?
- Гүний уурхай болон бусад уурхайн ажилчдад олгож байгаа гэсэн.
-Оюутолгойн ажилчид 2022 онд цалингаа 30 хувь нэмэгдүүлэх саналаар удирдах зөвлөлдөө эсэргүүцэл зарласан. Гэвч тухайн үед тэдний цалинг гурван хувиар нэмсэн гэдэг. Хоёр жилийн хугацаанд цалин дахиж нэмэгдсэн үү?
- Нэмэгдээгүй. Тухайн үед гурван хувь нэмэгдсэн нь үнэн. Жишээ нь 100 долларын цалинтай ажилтны цалин дээр 3 доллар нэмэгдсэн гэсэн үг. Хоёр жилийн өмнө гурван хувь нэмээд одоо болохоор 25-30 хувь бууруулж байна.