11 сарын 30, 2023
Гамшигт өртсөн иргэд бусдад итгэх нь нэмэгджээ
Гамшигт өртсөн иргэд бусдад итгэх нь нэмэгджээ
IRIM судалгааны хүрээлэн өөрсдийн бие даасан бүтээгдэхүүн болох “Нийгмийн сайн сайхан байдлын судалгаа”-г зургаа дахь жилдээ хийжээ. Уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн бүлгийн нийгмийн сайн сайхан байдал судалгааны үр дүнгээс хуваалцаж байна.

Монгол Улсад  үер, ган, зуд, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга гэх мэт цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлүүдийн тоо өнгөрсөн 20 жилийн хугацааны сүүлийн 10 жилд нь хоёр дахин нэмэгджээ. Мөн манай орны хувьд 1940 оноос хойш 80 жилийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдсэн. Тиймээс цаашид ч мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямрал үргэлжилж, илүү нэмэгдэх хандлагатай байгаа тул улс орнуудын өмнө тулгамдаж буй эдгээр асуудал, хямралуудыг даван туулах чадавх нэн чухал юм.

Аливаа аюултай үзэгдэл, хямралыг даван туулахад нийгмийн итгэлцэл чухал нөлөө үзүүлдэг байна. Ихэвчлэн гамшгийн дараах нөхцөл байдалд буюу сэргэлтийн үед хамтаараа хүчин чармайлт гаргаж, хариу арга хэмжээ авахад ихээхэн чухал үүрэгтэй. Иймээс хүмүүс бие биетэйгээ хэрхэн хамтран ажиллаж, нийгэм, бусад байгууллага болон бусдад итгэх итгэлцлийн түвшин хэр байгааг судалсан. Гамшигт өртсөн бүлгийн хувьд гамшигт өртөөгүй бүлэгтэй харьцуулахад бусдад итгэх байдал нь статистикийн хувьд ач холбогдол бүхий өндөр байна.

irim_sudal 

Мөн гэр бүл, ойр дотно хүмүүстээ итгэдэг ч, тэднээс бусад өөр өөр газар нутаг, үндэс угсаатай хүмүүст илүү болгоомжтой хандаж байна. Энэ нь аливаа зан үйлийг өөрчлөх, олон нийттэй харилцах ажлуудыг алсын зайнаас биш, нүүр тулж шийдэх, олноороо хамтран ажиллах байдлаар зохион байгуулах нь чухал болохыг харуулж байна.

Хүмүүсийн дунд институт, ялангуяа төр ба шийдвэр гаргагчдад итгэх итгэл бага байна. Үр дүнгээс харахад улс төрч, хууль тогтоогчдод итгэх итгэлд 2.85 оноо өгсөн бол, засгийн газрын шийдвэр гаргагчдад харьцангуй өндөр 4.65 оноо өгсөн байна.

Харин Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газарт итгэх итгэл нь бусад байгууллагатай харьцуулахад өндөр байгааг анхаарах хэрэгтэй. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтийг хамарсан ажил зохион байгуулахад итгэл хүлээсэн шинжлэх ухааны байгууллагуудыг мэдээллийн эх сурвалж болгон ашиглах боломжийг бүрдүүлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ТББ, олон улсын байгууллага, орон нутгийн засаг захиргаа, судалгааны байгууллагуудад итгэх итгэл нь дундаж байна.