"Оюутолгой" ХХК ажилчдынхаа цалинг 25-30 хувиар бууруулсан талаар уурхайчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус компани энэ сарын 6-ны өдөр нийт ажилчдын цалинг бууруулах шийдвэр гаргасныг ажилчид эсэргүүцэж байгаа аж. Уурхайн ажилчдын зүгээс Үйлдвэрчний эвлэлийн хороо ажилчидтай урьдчилан зөвлөлдөлгүйгээр бие даан шийдвэр гаргаж, хамтын хэлэлцээрийн заалтыг зөрчиж буйд гомдолтой байгаагаа илэрхийлсэн.
"Оюутолгой" ХХК-ны уурхайчдын төлөөлөл.Ганбаатар ажилчдын цалинг 25-30 хувиар бууруулсан талаар байр суурь илэрхийлж буй нь
"Оюутолгой" ХХК-ийн хүнд машин механизмын оператор Г.Ганбаатар:
“Оюутолгой" ХХК Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлд заасан “Ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн доод хэмжээгээр тогтооно” гэх заалтыг зөрчиж байна. Мөн тус хуулийн 109, 117 заалтыг ноцтой зөрчиж байна. Хэрэв цалинг 25-30 хувиар бууруулсан асуудлыг шийдэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ” гэв.
Мөн монгол ажилчдын үнэлэмжийг эрс бууруулж, эрхийг нь бүдүүлгээр зөрчиж байгааг ч хэлж, эл асуудалд Засгийн газраас анхаарал хандуулахыг хүслээ.
"Оюутолгой" ХХК-ны Ил уурхайн оператор Б.Ганбаатар ажилчдын цалинг 25-30 хувиар бууруулсан талаар байр суурь илэрхийлж буй нь
"Оюутолгой" ХХК дахь Ил уурхайн оператор Б.Ганбаатар:
Ил уурхайн ээлжинд 70 гаруй хүн ажилладаг. Мэдээж ээлжийн амралт, эрүүл мэндийн шалтгаанаар тэдгээрээс 5-10 хүн чөлөө авдаг. Тэр хүмүүсийн ээлжийг нөхөх гэж илүү цагаар ажилладаг. Гэтэл Оюутолгой ХХК-ийн хүний нөөцөөс ажилчдад “Ажилчдын албан тушаалд дэвших, илүү цагаар ажиллах сонирхол ихэссэн” гэж мэдэгдсэн. Ямар шалтгаанаар илүү цагаар ажиллах сонирхол ихэссэн гэж тодорхойлолт гаргасныг ойлгохгүй байгаа юм гэлээ.
Тэд олборлож буй түүхий эдийн ханш унаж, компанийн ашиг буурч байгаа бол энэ асуудлыг ажилчид хүлээн зөвшөөрөх байсан. Гэвч "Оюутолгой" ХХК-ийн зээлийн өр багасаж, орлого хэвээр байхад ажилчдынхаа цалинг хассаныг эсэргүүцэж буйгаа олон нийтэд хандаж мэдээлэхээр шийдсэн ажээ.