Малчдад туслахаар 1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 562 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг хандивлажээ.
Монгол орны нийт нутаг дэвсгэрт цас их унаж, хүйтэрч хаваржилтын нөхцөл байдал эрс хүндэрсэн нөхцөл байдалд байна. Улмаар улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж зудын гамшгийн эрсдэлийг бууруулахаар ажиллаж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор зудын эрсдэлт нөхцөл байдалд байгаа малчин айл өрхөд туслах хандивын аяныг иргэд, байгууллага, ААН-үүд санаачлан, өөрсдөө зохион байгуулсаар байна. Өнөөдрийн байдлаар 22 аж ахуйн нэгжээс Улсын онцгой комисст нэг тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 562 сая төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг хандивын үйл ажиллагаагаар цуглуулан хүлээлгэж өгөөд байгааг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэв.
Мөн олон улсын хүмүүнлэгийн байгууллага, Монгол Улсад суугаа гадаад орнуудын дипломат төлөөлөгчийн газрууд хандив, тусламжийн үйл ажиллагааг өрнүүлж, нэгдэж байгаа бөгөөд долоон аймгийн 64 сумын 17 мянга гаруй малчин өрхөд тэжээл, эрүүл мэндийг багц зэргийг хүргүүлэх ажлыг зохион байгуулж буй аж.