Гэрэл зурагчин Никита Никитиний бүтээлийг ашиглав.
Манай редакцаас “Хотын зурвас” булан эхлүүлж байна.
Бямба гаргийн өглөө. 09:30 цаг. Хотын төв шахуу газраас кофе шоп олсонгүй. Сүхбаатарын талбайгаас хоёр километр хүрэхгүй зайд орших Р.Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын сургуулийн чанх зүүн талд дүүгээ сургалтад нь хүргэж өгчхөөд ойролцоох кофе шопт бичиг цаасны ажлаа амжуулангаа сайхан латте уух төлөвлөгөө талаар болов.
Хоолой аргасан өтгөн утаатай, сүүмийсэн саарал өглөө. Машин зам сул чөлөөтэй, явган хүмүүс бүр ч алга. Гүүглийн газрын зургаас “ойрхон кофе шоп” гэж хайгаад Ардын эрх орчимд найдсан ч гурван удаа түгжээтэй хаалга татав.
Өндөр шилэн барилга гаднаа “Кофе шоп” гэх хаягтай. Нойрмог хамгаалагч түлхүүр шажигнуулан хаалгаа нээгээд “Өглөө эрт яах гээд байгаа юм бэ. Энэ байшин дотор өнөөдөр ажиллах газар байхгүй ээ” гэчхээд үг хэлэхийн завдалгүй хаалгаа түгжиж аваад цааш эргэлээ.
Хайж яваа хаяг хадсан, нээлттэй хаалга харж замын хоёр тал руу хялам хийсээр МУИС-ийн хоёрдугаар байрны зүүн талд ирэв. Блю монд байгаа гэсээр зам гарч иртэл амралтын өдөр 10:00 цагт нээдэг гэжээ. Тэднийг хүлээж бүтэн 15 минутыг дэмий үрэлтэй биш дээ. Аз болж Интер номын хоёр давхрын кофе шоп нээжээ. Найман цагт нээсэн гэнэ. Арай номтой ойр болохоороо тэр юм болов уу даа.
Бямба гаргийн 09:30 гэдэг бол эрт цаг биш. Их хотын үйлчилгээний газрууд хэдийнэ үүдээ нээж, үйлчлүүлэгчдээ хүлээж аваад эхэлсэн байх хугацаа. Эдийн засгийн хөгжил сайтай, залхуугүй иргэдтэй улсын хотууд том, жижиггүй эртэч байдаг. Ялангуяа кофе шоп, талх, нарийн боовны худалдаа, томоохон сүлжээ дэлгүүр, жимсний худалдаа зэрэг нь эрт гэгч нь нээгээд бараг л өглөөний цайг шинэхэн сонин, сэтгүүлтэй цуг бэлдээд тавьчихсан хүлээж байдаг гэхэд дэгэс яриа болохгүй.
Харин манай нийслэл жилийн улирал, цаг хугацааг үл харгалзан үргэлжийн унтаа байдалтай. Үйлчилгээний газрууд нь өглөө ажил эхэлснээс хойш нээж, орой алба тарахтай уралдан хаачихна. Цагийн ажлын зохистой системийг нэвтрүүлж чадаагүй, угаас хүсдэг ч үгүйн дээр нийгмээ мэдэрдэггүй, залхуу зан нь нөлөөлөх учир ингэхээс өөр арга байхгүй юм.
Өвлийн өглөө 09:30 цагт сэрж бужигнах нь битгий хэл нар 04:00 цагт манддаг зуны өглөө ч бага үдэд сэрээд үс гэзгээ сэгсийлгэн нойрмоглож суудаг эрх жаал шиг нойрмог назгай хотоо яаж өөрчлөх вэ?
Төрийн ордон тойрсон хэдэн шилэн барилга бол хотын төв гэж ойлгодог, үүнээс цааш алхахаар өлөн шороо, эвдэрхий зам, өмхий үнэр, яйжга жайжга хашаатай залгадаг байдлаа яаж засах вэ?
Хорин дөрвөн цаг ажилладаг гаднын сүлжээ дэлгүүр хэдэн мянга байсан ч Улаанбаатарын соёлыг төлөвшүүлж чадахгүй. Улаанбаатарчууд л нойрмог зүүрмэг хотоо сэрээнэ.